Мэндчилгээ
2017.03.22

Мэндчилгээ

Монгол Улсын нийт казах иргэд ээ!

Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурыз бол өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлэгдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, аксакал ахмадуудаа хүндлэн хөдөлмөрийн замналаас суралцаж, сургаал ерөөлийг сонсдог,  өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог онцлог баяр юм.

Наурызыг олон улсын баярын хувиар тэмдэглэж байхыг дэлхийн холбогдол бүхий улс орнуудад уриалсан НҮБ-ын Ассамблейн тусгай чуулганаас гаргасан шийдвэрийг дэмжиж, сүүлийн жилүүдэд Монгол улсын төр засаг, төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ихээхэн ач холбогдол өгснөөр уг баярын утга агуулга, хамрах хүрээ өргөжиж байгаагийн дээр уламжлал, шинэчлэлийг хослуулан хот, хөдөөд өргөн дэлгэр тэмдэглэх боллоо.

Монгол улсын бүтээн байгуулалт, хөгжил, шинэчлэлтийн бүх цаг үед ажилч хичээнгүй, авъяас билэгт, зорьсондоо тууштай казахын ард иргэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд казах иргэдийн дундаас улсын болон хөдөлмөрийн баатар, төр нийгмийн зүтгэлтэн, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхай, барилга, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын салбарын олон алдартан төрөн гарсныг Наурызын баярын энэ сайхан өдөр тэмдэглэхэд таатай байна.

Монголын казах иргэд үндэсний хэл, соёл, ёс заншлаа уламжлалт төрхөөр нь эрхэмлэн хадгалж, хойч үедээ дамжуулан өвлүүлж, орчин үетэй хослон хөгжүүлж байгаа нь казахын ард иргэдийн хичээл зүтгэл, төр засгаас үндэсний цөөнхийн талаар явуулж ирсэн зөв бодлогын үр дүн мөн юм.

Үндэсний уламжлалт Наурыз баярыг тэмдэглэж буй нийт казах иргэд та бүхэн золгож буй шинэ жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэж, амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Улыс он болсын,

Ак мол болсын ! Наурыз кутты болсын!