Ганбаяр.Д 2017.03.22 | Телевиз: МҮОНТВ

МҮОНРТ компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахаар болов

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц нар “МҮОНРТ-ийн сайн засаглалыг төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.

Анх удаа хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ манлайлан, засаглал, менежментдээ анхааран, олон улсын стандартыг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

Компанийн засаглалын үндэсний зөвлөл нь олон нийтийн байгууллага бөгөөд 2011 оноос хойш олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн засаглалын зарчмыг Монгол Улсын компаниудад хэвшүүлж, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад тасралтгүй ажиллаж байна.

Энэ үеэр тэдний сэтгэгдэлийг сонссон юм.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц: Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллахдаа таатай байна

МҮОНРТ 2017 онд сайн засаглалыг хөгжүүлэх, дэмжих жил болгон зарласан. Бид сайн засаглал гэдгийг ойлгохдоо олон нийтэд нээлттэй, бусдыг манлайлах, телевизүүдийн хүрээнд ил тод байх. Мөн цаашлаад дотоод зохион байгуулалт, удирдлагын бүтэц нь өөрсдийн хамт олонд маш ойлгомжтой байх, төсвөө хэмнэх гэх мэт зорилготойгоор энэхүү компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй гэрээ байгууллаа. Хамтран ажиллахдаа таатай байна.  

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр: Бид өнөөдөр хамтран ажиллах тухай гурван жилийн гэрээ байгууллаа

-Компанийн засаглалын үндэсний зөвлөл МҮОНРТ-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Цаашдын ажлын тань үндсэн зорилго юу вэ?

-Энэхүү гэрээг байгуулж, хамран ажиллах болсны шалтгаан нь өнгөрсөн оны зургадугаар сарын 7-нд Засгийн газрын хурлаар “Нээлттэй засгийн түншлэл” нэртэй хөтөлбөр багтсан юм. Үүний хүрээнд төрийн өмчит компаниудын ил тод байдлыг хангах талаарх гол чиг үүрэг нь манай компанийн засаглалын үндэсний зөвлөл юм. Харин хамтран хэрэгжүүлэгч байгууллага нь МҮОНРТ. Үүнийхээ хүрээнд бид өнөөдөр хамтран ажиллах тухай гурван жилийн гэрээ байгууллаа. Үүний хүрээнд бид эхлээд дээрх телевизийн хууль эрх зүйн орчинг нэвтрүүлэх тухай судалгаа хийж буйгаас гадна засаглалын үнэлгээ хийнэ. Яваандаа “Сайн засаглал”  гэдэг нэвтрүүлэг гаргаж, олон нийтэд түгээх юм.  

-Компанит засаглал гэж чухам юуг хэлж байна вэ. Зарим хүн ойлгохгүй байж магад гэдэг үүднээс асууж байна л даа ...

-Засаглал гэдэг талаас нь эхлээд ойлгомоор байгаа юм. Зөвхөн бизнесийн байгууллагаас гадна төрийн байгууллагын засаглал ч гэж бий. МҮОНРТ-ийн хувьд олон нийтийн засаглал маш чухал. Өөрөөр хэлбэл дээрх телевиз ил тод, нээлттэй, хяналт хариуцлагатай байдаг болохоор бидэнд хамтарч ажиллахад таатай байна. Гэхдээ бид нэвтрүүлгийн контейнтэд нь биш менежмент, үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа ямархуу түвшинд ажиллаж байна вэ, хуулийнхаа хүрээнд ажиллаж чадаж байна уу, сайжруулах ямар чиглэл байна вэ, шаардлагатай бол энэ хуулинд ямар ямар өөрчлөлт оруулах ёстой вэ гэдэг дүгнэлтийг гаргаж ажиллана.