ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор гурван талт улсын хэлэлцээрийг эхлүүлэх санал гаргалаа
2017.03.24

ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөртэй холбоотойгоор гурван талт улсын хэлэлцээрийг эхлүүлэх санал гаргалаа

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурлаас Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой зарим асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Дээрх шаардлагатай холбоотойгоор Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд болон МАОЭНХ-ны удирдлагыг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр сайд Б.Чойжилсүрэн  эдийн засаг хүндэрсэн энэ үед дээрх хөтөлбөрт хамрагдах эсвэл Монгол Улс дампуурлаа зарлах гэсэн хоёр сонголт байна. Иймд ОУВС-тай тохирсоны дүнд энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон. Манай Засгийн газар боломжит бүхий л нөхцөлийг ашиглаж хэлэлцээ хийсэн. Энэ хоёр жил монголчууд төсвийн сахилга баттай байхад хүндрэлээс гарах бүрэн боломжтой гэж үзэж байна гэсэн юм.

МҮЭ-ийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат зарим зүйлийг тодрууллаа. Тухайлбал төсвийн зардлаа танаж, багасгахдаа нийгмийн зөвшлийн талуудтай зөвшилцөж шийднэ гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчсөн байна. Мөн бондын мөнгөний эргэн төлөлт яагаад хийгдэхгүй байгаа болон тэтгэврийн нас, зарим төрлийн татвар нэмэгдснээр улсын төсөвт хэдэн төгрөгийн орлого орох талаар тайлбар авахыг хүссэн юм. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо болоод Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлагын зүгээс эмч, багш нарын цалин бага байдаг гэтэл татвар нэмэх нь тэдэнд  ихээхэн дарамт болно. Үүний дээр хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажилладаг эмч нарын тэтгэвэрийн насыг нэмж байгаа нь тэдний хувьд томоохон асуудал гэдгийг онцолж байсан юм.

МҮЭ-ийн холбооны ерөнхиийлөгч Х.Амгаланбаатар “Манай холбооны тухайд энэ хөтөлбөрт тусгасан бүх заалтыг эсэргүүцэж байгаа юм биш. “Хөдөлмөр, нийгмийн зөвшилийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээр”-т тусгасан зарим зүйл заалтыг Засгийн газар зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэн хөдөлмөрийн маргаан үүсч болзошгүй байгаа тул гурван талт улсын хэлэлцээг дахин эхлүүлж асуудлыг ярилцах шаардлагатай байна” гэсэн юм.

Ингээд МҮЭ-ийн холбооны санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дах хэсгийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээг хаврын чуулган хуралдахаас өмнө эхлүүлэх мэдэгдлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

Ирэх долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай дээрх асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.