Н.Тэгшбаяр: АН нэг атаманы нам болжээ
2017.03.28

Н.Тэгшбаяр: АН нэг атаманы нам болжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль шударга бус явагдаж байна гэж зарим гишүүд нь үзэж байгаа юм. Тэдний нэг бол Н.Тэгшбаяр. Тэрбээр  намынхаа ҮБХ-ны  Чингэлтэй, Налайхын 63 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа  бөгөөд өнөөдөр энэ тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ. Түүнээс дараах асуултад хариулт авав.

-Танай намын  дотоод сонгууль ид явагдаж байна. Гэтэл цөөнгүй хүн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийг сонгох сонгууль шударга бус явагдаж байна гэж байр сууриа илэрхийлэх болсон. Тэдний нэг та. Яагаад ингэж үзэх болов?

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгуулийн дүрэм нэгдүгээрт хууль бус.  Учир нь Ардчилсан намын шинэ дүрмийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүй. Улсын дээд шүүхэд бүртгэлгүй намын дүрмээр сонгуулийг зохион байгуулж байгаа нь Ардчилсан намын дарга хууль, шүүхийн шийдвэрийг үл тоож байна гэсэн үг.  Нөгөө талаар бүх  шатны сонгуульд нэр дэвшигчдэд мөнгөн босго тавьсан нь Ардчилсан намд ардчилал байхгүй болсны илэрхийлэл гэж харж байгаа.

Мөнгөөр дарга болж, эрх мэдэлд хүрсэн хүмүүс дараа нь төрд гарлаа гэхэд төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх нь тодорхой. Өмнө нь манай намын дарга нар МАН-ын 60 тэрбумын асуудлыг сөхөж, шүүмжилдэг байсан бол энэ удаад ижилхэн арга, хувилбарыг сонгож байгаа нь харамсалтай байна.

Гуравдугаарт,  нэр дэвшигчдийг сонгуулийн сурталчилгааны  үеэр хоёр удаа уулзалт зохион байгуулж,  зөвхөн таван минут  ярих эрх олгож байгаа нь сонгох, сонгогдох эрхэнд халдсан шийдвэр гэж хэлж болно.  Би л гэхэд намын гишүүддээ өөрийгөө танилцуулахаас эхлээд намаа яаж шинэчлэх, ҮБХ-ны гишүүнээр сонгогдвол сонгогчдынхоо эрх ашгийн төлөө яаж ажиллах вэ гэдгээ танилцуулмаар байдаг, цаг байхгүй.  Зөвшөөрсөн уулзалтаас өөр уулзалт хийвэл нэрийг чинь татна шүү гэж манай атаманы баг анхааруулсан.

-Атаман гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ?

-Ардчилсан нам шинэ дарга сонгосон биш атаманаа сонгосон байна. Гишүүдийнхээ үгийг сонсдоггүй, хүлээж авдаггүй.  Бүхнийг мөнгөөр шийднэ, бүх албан тушаалыг мөнгөөр үнэлнэ гэх юм.    Над шиг үгээ хэлэх хүн манай намд олон байгаа. Гэвч, атаманаас айгаад байна.  Ардчилсан нам ардчиллаас улам л алсарч байна. 

Хэн нэгний хувийн компани шиг болчихсон.  Засгийн эрхийг барьж явсан нам байтлаа нэг хүний хувийн оффисийн хаяанд амьдарч байгаа нь ч буруу.  Уг нь Ардчилсан нам дотоод ардчиллаа бэхжүүлж, фракцийн зөрчлөөс гарахын тулд л шинэчлэл хийхийг зорьсон. Гэтэл нэр дээрээ шинэчлэл гэх ч үнэндээ нэг хүний хувийн компани шиг болчихсоныг олон хүн хэлдэг.  Ардчилсан нам бол Монголын ардчиллыг хайрладаг, ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг хүмүүсийн нэгдэл байх ёстой юм.

-Танай нам ялсан, ялагдсан ч дотроо үргэлж мөнх зодоонтой байх болжээ. Ардчилсан намын шинэчлэл нь хүртэл ширүүн зодооны талбар болсон байна?

-Асуудлаа эвээр шийддэг нам болно гэсэн хаана байна. Харин ч атаманы  Ардчилсан нам болчихлоо.  Гэтэл бидэнд дотроо дайтахаас илүү сөрөг хүчний үүргээ биелүүлмээр байна. МАН татвар нэмж байна, ард түмний нуруун дээрх ачааг хүндрүүлж байна. Гэтэл манай нам таг чиг. Хоорондоо л хэрэлдээд, тогооноосоо гарч ажиллаж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан намын ялалт байгуулсан аймаг, дүүргийг МАН-ынхан хүчээр булаан авч байхад манай атаман таг л байсан.

Гэтэл өнөөдөр МАН зургаан төрлийн татварыг нэмнэ гээд, өөрсдийнхөө тансаг хэрэглээг танаагүй төсвийн тодотголыг барьж орж ирлээ. Яг энэ үед бид ард түмний талд дуугарах ёстой байтал намын дотоод сонгууль гээд хэрэлдээд сууж байна. Хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэхийн өмнө намын сонгууль явуулж, сөрөг хүчний анхаарлыг өөр тийш нь хандуулж байгаа нь цаанаа зорилготой байж магадгүй гэж би хардах эрхээ эдэлж байна.

-Ардчилсан нам УИХ-д есөн суудалтай, хүчгүй сөрөг хүчин гэдгээ мэдэрсэн байж болох юм?

-Манай намд итгэж өгсөн 9 суудал байна. Цөөн ч гэсэн сонгогчдынхоо итгэлийг алдахгүйгээр бид эрх баригчдын буруу бодлоготой тэмцэх ёстой. Эрх баригчид төрөө цомхон болгоно, ачааны хүндийг төр үүрнэ гэсэн, хаана байна.

Төсвийн тодотголыг харахад зарлага нь дахиад л өсчихсөн байна лээ.  Эрх баригчдын эсрэг Ардчилсан нам  иргэдийн индэр болох ёстой байтал дотоод сонгууль нэрээр  хуучин фракциудаа нухчин дарахад л анхаарах болж.