Бат-Эрдэнэ.Б 2017.03.29 | Телевиз: МҮОНТВ

"Нүүдэлчин заан" тусгай хүчний сургуульд оролцох бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо

Монгол-Энэтхэг улсын хамтарсан "Нүүдэлчин заан" тусгай хүчний сургуульд оролцох Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Суреш Бабу, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Д.Мөнх-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

2004 оноос эхлэн "Нүүдэлчин заан" тусгай хүчний сургалт, дадлагыг 2004 оноос эхлэн амжилттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаагийн "Нүүдэлчин заан-2017" хамтарсан хээрийн сургалт, дадлагыг Энэтхэг улсад зохион байгуулах юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ "Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулж байгаа нь хоёр орны Зэвсэгт хүчний алба хаагчид харилцан туршлага солилцох сайхан боломжийг нээж өгдөг.

Тиймээс бид тусгай мэргэжлийн цэргийн алба хаагчдын сургалтыг түлхүү анхаарч хамтран ажиллахад бэлэн байна. Энэтхэг улсын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр энэ удаа хамтарсан сургуульд оролцохоор тун удахгүй Энэтхэг улсыг зорих гэж буй бие бүрэлдэхүүндээ өндөр амжилтыг хүсээд энэхүү сургалтанд оролцоход бүх талын туслалцаа ялангуяа санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Энэтхэг улсын Батлан хамгаалах яам, БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд талархалаа илэрхийллээ.