“Яармаг-Эко сити” төслийг эхлүүлнэ
2017.03.29

“Яармаг-Эко сити” төслийг эхлүүлнэ

Хан-Уул дүүргийн Яармаг орчмын гэр хорооллыг тохилог амины орон сууцны хороолол болгож хөгжүүлэх “Яармаг-Эко сити” төслийг эхлүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийх асуудлаар УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилгаар Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, ХБНГУ-ын RSAA компанийн Ерөнхий архитектор Штефан Шмиц болон Нийслэлийн холбогдох албаны дарга нар ажил хэргийн уулзалт хийсэн байна.
Төслийн асуудлаар ажлын хэсэг байгуулж, БХБЯ, Нийслэлээс бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцжээ. “Яармаг-Эко сити” төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэлийн хэмжээний тохилог амины орон сууцны жишиг хороолол Хан-Уул дүүрэгт бий болох юм. 
Төсөл хэрэгжих газар нь Яармагийн IV, V, VI, VII, VIII хороод бөгөөд эдгээрт 11 мянган өрхийн 39 мянга орчим иргэд оршин суудаг аж. Тэднээс орон сууцанд амьдардаг иргэдийн тоо бага хувийг эзэлдэг юм.
Төсөл Туулын гүүрнээс баруун тийш нийт 344 га газрыг хамран хэрэгжих бөгөөд Хан Богд уулын хормой, хатан Туулын хөвөөг дэрлэсэн уул, ус, цэвэр агаар бүхий нийслэлийн хамгийн боломжит эко жишиг хороолол болж хөгжих газар юм.
Төсөл нь 2020 он хүртэл хэрэгжих нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний нэг хэсэг болж уялдах аж.
17362046_1396479177088894_8611184693573057029_n