Улсын Их Хурлын дарга М.Энхболдын айлчлал
2017.03.29

Улсын Их Хурлын дарга М.Энхболдын айлчлал #Тойм #ЯпонУлс

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албанёсны айлчлал хийхээр Токио хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийнудирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийнтанхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахьЯпон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголыннайрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголынэмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллагахамтран зохион байгуулсан юм.

Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисавауулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа уламбүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэнханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсадхийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.

Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтынажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголынтөлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. 

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр олон чухал уулзалтууд хийв. Тэрбээр энэ өдөр Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима, Зөвлөлдөх танхимын дарга Ч.Датэ, Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэ, Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Улс төрийн тогтвортой байдал эдийн засгийн хөгжилд эерэг нөлөөтэй болохыг

ноён Ц.Такэбэ онцоллоо

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консул Ц.Такэбэтай уулзлаа.

Ноён Ц.Такэбэ “Сакура цэцэглэх сайхан цагаар Эрхэмсэг ноён, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэж үгийнхээ эхэнд тэмдэглээд, “Таны айлчлалын үеэр Япон, Монголын стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт хоёр тал гарын үсэг зурах гэж байна. Түүнчлэн хүндрэл бэрхшээлтэй байгаа эдийн засгаа сэргээх зорилгоор ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн тухай сонссон. Та бүхэн тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тэрбээр манай улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатарын саналаар Хоккайдо муж дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажиллах болсноо УИХ-ын даргад дуулгаад “Консулаар томилогдоод би юу хийх вэ, ямар чиглэлээр ажиллах вэ гэж удаан бодсон. Тэгээд хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал гэж үзсэн” гэж хэллээ.

Ноён Ц.Такэбэ Хоккайдо, Монголын эдийн засгийн  харилцааг дэмжих нийгэмлэг, Зүүн Ази судлалын хүрээлэн хэмээх байгууллагуудыг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажилладаг бөгөөд өнгөрсөн онд манай Гадаад харилцааны яаманд “Бизнес форум” зохион байгуулжээ. Түүний урилгаар Монголын 30 гаруй бизнесмэн хоёрдугаар сард Хоккайдод ирсэн байна. Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгийн Монголын талыг УИХ-ын гишүүн Л.Болд ахалдаг юм байна. Ноён Ц.Такэбэ Монголд газар тариалан, аялал жуулчлал хөгжүүлж, Монголоос дадлагажигч ажилтан авах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа талаараа УИХ-ын даргад мэдээллээ. Түүнчлэн “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулснаар Монголд улс төрийн тогтвортой байдал бий боллоо. Энэ нь эдийн засгийн хөгжилд маш чухал” гэж онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар, парламент, улс төрийн намуудын хооронд, иргэд, байгууллагын түвшинд гээд олон чиглэлд, цөөнгүй жил маш идэвхтэй ажилласаар ирсэн Танд Монголын төр засгийн байгууллага, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гээд Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт орон нутгаас зөвхөн Хоккайдо, Монголын хамтын ажиллагааны асуудал туссан нь Таны идэвх чармайлтын нэгэн илэрхийлэл юм. Хоккайдо муж цаг агаар, байгаль орчны хувьд Монголтой төстэй. Тиймээс энэ нутгийнхны мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон бусад туршлага бидэнд чухал” гэлээ.

Тэрбээр бүс нутаг, түүний дотор Зүүн хойд Азид тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх асуудлаар Монгол, Япон хоёр адил байр суурьтай байдаг. Монголын үүрэг оролцоо Зүүн хойд Азид ямар байх, бид юунд түлхүү анхаарах ёстой вэ зэрэг асуудлаар өөрийнхөө тэргүүлдэг Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн үйл ажиллагааны хүрээнд анхаарлаа хандуулахыг Танаас хүсье гэв.

Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг үзэглэв.

Санамж бичигт Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга Нобүчика Мори нар гарын үсэг зурлаа.

Уг Санамж бичигт Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээс гадна санхүүгийн бусад зах зээл болох даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэх, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх, үнэт цаасны зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлууд тусгалаа олжээ.

Санхүүгийн зохицуулах хороо болон Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг хоорондын хамтын ажиллагаа 3 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд СЗХ-ны мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх, чадавхижуулахад энэ хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулсныг тус хорооны дарга, доктор С.Даваасүрэн онцлон тэмдэглэв.     

УИХ-ын дарга М.Энхболд томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхийн

чухлыг онцлов

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод энэ өдөр Японы парламентын Зөвлөлдөх танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Ямазаки тэргүүтэй тус бүлгийн гишүүд бараалхлаа.

Бүлгийн дарга М.Ямазаки “Манай бүлэг Улсын Их Хурал, түүний гишүүд, Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид харилцаагаа илүү өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байх болно” гэж уулзалтын эхэнд онцоллоо.  Тэрбээр Монгол Улсад тохиогоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулж, төсөв санхүүгийн шинэчлэл хийх чиглэлд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн хүчин чармайлт тавьж буйг бид мэдэрч, ойлгож байгаа. Саяхан ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн нь чухал алхам боллоо гэв.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсыг дэмжиж, хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж байдагт нь Бүлгийн дарга М.Ямазаки болон гишүүдэд талархал илэрхийлээд, Монгол Улсад айлчлахыг урилаа. Тэрбээр сонгууль болсноос хойших өнгөрсөн 8 сарын хугацаанд унаж уруудсан эдийн засгаа сэргээх чиглэлд бид ихээхэн хүчин чармайлт гаргаж, ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрээд байна. Энэ үйл хэрэгт ОУВС дахь япон анд нөхөд, Японы Сангийн яам чухал нөлөө үзүүлсэн гэж онцлон тэмдэглэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Одоогоос 11 жилийн өмнө миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Япон Улсад айлчилж, гуравдугаар сарын 28-ны яг энэ өдөр Ерөнхий сайд Ж.Коизүмид Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал барих саналыг тавьж байлаа. Сая би наашаа ирэхийнхээ өмнө тус нисэх буудлын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь очиж танилцсан. Бүтээн байгуулалт үндсэндээ дуусаж, ашиглалтад орох өдөр дөхөж байна. Энэ жишгээр Монгол, Японы хооронд эдийн засгийн харилцан ашигтай, үлгэр жишээ болохуйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон. Эцэст нь бас нэгэн гуравдугаар сарын 28-нд манай хоёр орон найрамдал, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон томоохон үйлдвэр, төслийн нээлт болоосой гэж хүсэж байна" гэв.

Дараа нь бүлгийн гишүүд сонирхсон асуултаа тавьж, хариулт авав.

Уулзалтад Бүлгийн дарга М.Ямазаки болон Зөвлөлдөх танхимын гишүүн М.Мацуяма, Ю.Уозүми, М.Фүкүшима, Ю.Хата нарын зэрэг Монгол-Японы найрамдлын бүлгийн гишүүд байлцав 

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд айлчлалынхаа хоёр дахь өдөр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки нартай уулзав.

УИХ-ын дарга М.Энхболд нүүрс-хими, эрчим хүчний үйлдвэрлэлийн төсөл,

зарим бүтээгдэхүүний экспортын талаар санал тавилаа

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Японы Ерөнхий сайд Ш.Абэтай энэ өдөр уулзлаа.

Ноён Ш.Абэ “Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр Японд элэгсэг дотно ханддаг Монгол Улсын Их Хурлын дарга Та манай оронд айлчилж буйд баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ.

Тэрбээр айлчлалын хүрээнд гарын үсэг зурах Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны ойрын ирээдүйн дүр зургийг тодорхойлох бөгөөд хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Мөн ОУВС-тай Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэнд талархаж байна гээд энэ хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгож, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Тэрбээр “Энэ зээл Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх, өөрчлөлт шинэчлэлт хийхэд тус нэмэр болоосой гэж хүсэж байна” гэв.

Эл зээл нь манай улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших он жилүүдэд Японы Засгийн газраас олгосон нийт хөнгөлөлттэй зээлийн хэмжээтэй бараг тэнцэж байгаа юм. Тус улс Монгол Улсад нийт 3.0 тэрбум ам.долларын зээл, тусламж үзүүлснээс хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нь 1.0 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа билээ.

УИХ-ын дарга М.Энхболд хүндэтгэн хүлээн авч, уулзаж буйд нь ноён Ш.Абэ-д талархал илэрхийлээд “Өнөөдөр парламентын болон бусад түвшний олон чухал уулзалт хийсний дотор Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр намайг болон манай төлөөлөгчдийг парламентын гишүүд элэгсэг дотноор угтан мэндчилсэн нь Та бүхний Монгол орныг, монголчуудыг гэсэн халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл гэж хүндэтгэж байна.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон биднийг дэмжин туслах чиглэлээр ноён Ерөнхий сайд Таны зүгээс тавьж буй онцгой анхаарал нь манай хоёр ард түмнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна. Монгол, Япон хоёр орон нэг бүс нутгийн, нэгдмэл үнэт зүйлтэй, бие биедээ дотно дулаан сэтгэлээр ханддаг, хамтын ажиллагааны баялаг түүхтэй ард түмэн. Та Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад онцгой хүчин зүтгэл гаргаж буйд талархъя” гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр “Улаанбаатарт болсон АСЕМ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад Таныг оролцох үеэр бид уулзаж байсан. Тэр үеэс хойш манай төр, засаг эдийн засагт тохиогоод буй хүндрэл бэрхшээлийг даван туулах чиглэлээр олон арга хэмжээ авсны нэг нь ОУВС-тай хамтран ажиллах зорилт байсан юм. Үр дүнд нь бид хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Дөрөвдүгээр сарын 05-нд УИХ-ын чуулган нээгдэнэ. Чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудал бол төсвийн тодотгол. Уг асуудлыг дөрөвдүгээр сарын 12 гэхэд батлах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газар 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье” гэв.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд хоёр орон хамтран хэрэгжүүлж болох зарим томоохон төслийн асуудлыг хөндөв. Тэрбээр Монголын нүүрсийг  ашиглаж шатдаг хий, химийн болон нефть орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборын төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бид үзэж байна. Монгол орон нүүрс, нар, салхины эрчим хүчний асар их нөөцтэй.  Энэ баялгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, бүс нутгийн орнуудад түүнийг нийлүүлэх боломж бий. Эдгээр төслүүдийг Япон Улстай хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн Японы зах зээлд Монголоос зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш экспортлох асуудлыг анхааралдаа авахыг хүсэв.

Ноён Ерөнхий сайд Ш.Абэ нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, бэлтгэл ажил хангагдсан үед мэргэжлийн баг илгээж судалгаа, дүгнэлт хийлгэх боломжтой. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд оролцох, зарим бүтээгдэхүүнийг Японд экспортлох асуудлын тухайд Элчин сайдын яамаар дамжуулан асуудлаа тавиарай гэв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ш.Абэ нар олон улсын байгууллагын хүрээнд урьдын адил харилцан бие биенийг дэмжиж, бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны асуудлаар нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотлов.

Дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов

Энэ өдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхав.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй айлчлалынхаа талаар болон хийсэн уулзалтууд, хэлэлцэж ярилцсан асуудлуудын талаар товч мэдээлээд хоёр гол асуудлыг хөндөв.

Эдгээр нь Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох зэрэгт зориулан Монголын Засгийн газраас бонд гаргаж, Японы тэтгэврийн сангаас хөрөнгө босгож болох, эсэх тухай асуудал байв.

Ноён Я.Шиозаки УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, “Япон, Монголын ард түмэн бие биедээ ойр дотно ханддаг хүмүүс. Бид Монгол Улсын бие даасан бодлого, хөгжлийн ирээдүйг чухалд тооцдог” гэж хэлэв.

Тэрбээр “Дадлагажигч ажилтан ажиллуулах төслийг анх хэрэгжүүлсэн хүний нэг нь би юм. Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно. Манай тэтгэврийн сан энэ төрлийн хувьд дэлхийд томд орно. Япончуудын тэтгэвэрт гараад сайн сайхан амьдрах баталгааг хангахад зориулагдах учраас сангийн аливаа үйл ажиллагаа япон хүний эрх ашигт нийцэж байх ёстой гэсэн зарчимтай. Энэ зарчмын дагуу эрсдэлгүй, үр ашигтай зүйлд ашиглагдах ёстой гэж хуульчилсан байдаг. Гаднын үнэт цаас худалдан авахаар болбол хөгжиж буй орны хувьд Дэлхийн банк зэрэг байгууллагаар дамжуулан баталгаа гаргуулж, тусгай сан үүсгэх маягаар ашиглаж болох юм” гэж ярилаа.

Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид тодорхой мэдээлэл өглөө. Тэрбээр дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Сайд Н.Номтойбаяр 300 хүний ортой, жилдээ 15.000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ төсөлд эрхэм сайд Та анхаарлаа хандуулахыг хүсье гэв.             

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболд “Цаашид Тантай болон Таны хариуцдаг салбараар дамжин хамтын ажиллагааны олон асуудал хөндөгдөх байх. Та бол Монголын төлөө гэсэн халуун сэтгэлтэй, хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа хүн. Тиймээс Таныг цаашид их зүйл хийнэ гэдэгт бид итгэж байна. Японы Засгийн газрын танхимд Монголыг сайн ойлгодог, биднийг дэмждэг хүн байгаад баяртай байна. Танд сайн сайхныг хүсье” хэмээв.