Ч.Чимидсүрэн Түвшин.Б Энх-Амгалан 2017.03.29 | ХМА: Мэргэжлийн холбоо

ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн энэ сарын 24-нд УБ хотноо боллоо

ММНБИ-ийн салбарын дарга нарын зөвлөгөөн энэ сарын 24-нд УБ хотноо боллоо
ММНБИ нь 21 аймаг, Төмөр зам, УБ хотын 8 дүүрэгт салбартай үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд жил бүрийн эхний улиралд салбарын дарга нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын ажлыг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн хэлэлцдэг. Энэ удаагийн зөвлөгөөн нь ММНБИ-ийн VI их хурлын дараа болж байгаагаараа онцлогтой. Иймээс салбар бүр оны эхэнд бүх гишүүдийн хурлаа хийж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө шинээр сонгож, шинэ удирдлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөгөөнд оролцогчдын 60 орчим хувь нь шинээр сонгогдсон дарга нар байв. ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотын дүүргүүдэд шинээр институтийн салбарууд байгуулагдаж байгаа үед энэ зөвлөгөөн болж өнгөрлөө. 
 Зөвлөгөөнд ММНБИ-ийн Ерөнхийлөгч Б.Түвшин ММНБИ-ийн стратеги төлөвлөгөөний тухай, гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, дэд захирал Б.Мягмаржав Сургалт, төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны хорооны үйл ажиллагааны чиглэл, дэд захирал Л.Батцэнгэл Аудит, ёс зүйн хорооны үйл ажиллагааны чиглэл, дэд захирал М.Соронзонболд НББ, арга зүй, стандартын хэлтсийн үйл ажиллагааны чиглэлээр тус тус мэдээлэл хийлээ. 
Харин салбар, гишүүнчлэл хариуцсан менежер Т.Намхай салбаруудын 2016 оны үйл ажиллагааны тайлан, үр дүнгийн талаар танилцууллаа. ММНБИ-ийн салбарууд өнгөрсөн онд ММНБИ-ийн 20 жилийн ойг зохион байгуулах тусгайлсан хөтөлбөр гарган, салбар бүр идэвхтэй үйл ажиллагаа явуулсныг онцолж байв. Орон нутгийн нийт салбарын хэмжээнд гишүүдэд мэдээлэл өгөх, МНБ-дын үүргийн биелэлт хангуулах үүднээс "Мэргэжилдээ баярлалаа" аяныг зохион байгуулжээ. 
2016 оны үйл ажиллагаагаар Өвөрхангай салбар тэргүүлж, Ховд, Төв, Булган, Баянхонгор салбарууд удаах байрыг эзэллээ. Ховд, Баян-Өлгий салбар 20 жилийн ойд зориулсан түүхэн баримтат кино, гэрэл зургийн үзэсгэлэн, “Жилийн уулзалт-20 жил” арга хэмжээг орон нутагтаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Баянхонгор салбар Баруун бүсийн МНБ-дын уулзалт өдөрлөг, Төмөр зам салбар мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийг дээшлүүлэн гадаад, дотоод сургалтанд хамруулсан бол Өвөрхангай салбар "Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь" аймгийн санхүүчдийн нэгдсэн зөвлөгөөн, Булган салбар "Булган аймгийн - Мэргэшсэн Нягтлан Бодогчид" номын нээлт, Төв салбар Ази номхон далайн нягтлан бодогчдын холбооны хурлын төлөөлөгчдөд зориулсан бэсрэг наадам, Увс, Орхон, Хэнтий салбарууд НББ-ийн олимпиад, Багануур, Дорноговь, Дундговь, Дархан, Архангай салбарууд мэргэжлийн сургалтууд, Говь-Алтай, Өмнөговь салбарууд сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар салбарууд МНБ гишүүдийн хүрээнд болон бүртгэл санхүүгийн ажилтнуудын хамтын ажиллагаа, урлагийн авъяастныг тодруулах үүднээс "Авъяаслаг санхүүчид", "ДУЭТ&ДУЭЛЬ" дууны уралдаан, "МНБ-той бүжиглэе" шоу тэмцээн, урлагийн наадмыг зохион байгуулав. 
 Зөвлөгөөний үеэр ММНБИ-ээс салбаруудад цаашид хэрхэн ажиллах талаар чиглэл өгч, санал бодлоо солилцлоо. 
Зөвлөгөөнд урилгаар ММНБИ-ийн дэд ерөнхийлөгч Ч.Чимидсүрэн, Ц.Жигдэн, Хяналтын зөвлөлийн дарга Б.Баясгалан, Удирдлагын академийн менежментийн тэнхмийн багш Р.Бадралмаа нар оролцож, Төрийн бус байгууллагын орчны өөрчлөлт, хяналтын зөвлөлийн бодлого, Удирдах ажилтны үүрэг функц сэдвээр сургалт явууллаа.