Ганхуяг.Д 2012.05.05 | УИХ-ын гишүүний Ажлын алба

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мэдэгдэл гаргалаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг мэдэгдэл гаргалаа

“Өдрийн шуудан” сониноос гаргасан "Хэвлэлийн дайсан" гэсэн нийтлэл өнөөдрийн зарим сонинд гарсан байна. Монголын хэвлэл мэдээллийн салбар бол ардчилал, шударга ес, хүний эрх, эрх чөлөөний баталгаа гэдэгт итгэдэг. Тиймээс би шударга хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хэзээ ч дайсагнаж байгаагүй гэдгээ тодотгож хэлэх байна. Тухайлбал УИХ-ын үйл ажиллагааг тодорхой түвшинд хаалттай болгох Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн заалт батлагдсан үед, цаг нь болоогүй гэсэн үндэслэлээр энэ хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг гишүүдийн хамт санаачлан батлуулж байснаа дурьдах байна.


Гэвч "Өдрийн шуудан" сонин өнгөрсөн хугацаанд намайг "Японы өвсний үндэс хөтөлбөрийн хөрөнгийг зувчуулдаг", "БЗД-ийн АН-ын хорооны хурлаасаа хөөгдөв" гэх зэргээр удаа дараалан ор үндэсгүй гүтгэсэн. Тэглээ гээд би хууль, шүүхийн байгууллагаар заргалдаж яваагүй билээ.

"Хэвлэлийн дайсан" хэмээх гүтгэлгийн мэдэгдэлийн утга нь өнгөрсөн өдөр УИХ-ын чуулганаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг хэлэлцэх үед төрийн эрх барих дээд байгууллага дахь Олон түмний төлөөлөл миний асуулт, хэлсэн үгийг ойлгоогүй, эсхүл санаатай мушгин гуйвуулсан байна.

Би чуулган дээр Ц.Нямдорж сайдаас "Олон жил эрх барьсан намын дарга нар эвтэй үедээ бол бие биенээ төрийн хууль зөрчсөн байсан ч хамгаалдаг, харин хоорондоо маргалдах, салж сарнихдаа тулахаараа “но”-гий чинь дэлгэнэ хэмээн дарамталсан талаар мэдээллийн хэрэгслээр гарах юм. Хэрэв эвтэй байхдаа төрийн түшээд гэмт хэргийг нуун дарагдуулвал хуулиар хамтрагч, хамсагч байсан гэх үндэслэлээр хуулийн хариуцлага хулээх учиртай. Та үүнийг юу гэж бодож байна. Тодруулбал МАН-аас гарч байгаа Ч.Улаан, О.Чулуунбат нарын гишүүдийг “Өдрийн шуудан” сонинд "Аалзны тор"-д оролцогч гэж бичсэн байна" гэсэн утгатай зүйлийг асуусан. Тэрнээс "аалзны тор" нийтлэл болон утга агуулгыг нь буруутгаагуй. Харин ч "сайхан Монгол орныг муухай харагдуулдаг" авлигатай тэмцэж байгаад талархаж байна. Бодит үнэн ийм байна.

Мөн энэ мэдэгдэлийн доор Монголын Сэтгүүлчдийн Эвлэл гэж бичсэн байна. Энэ талаар МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, нарийн бичгийн дарга Х.Батхишиг нараас тодруулахад манай байгууллагаас энэ талаар ямар нэг албан есны байр суурь гараагүй гэсэн.

Өнгөрсөн өдрийн чуулган дээр олон гишүүн сайдаас асуулт асууж, үг хэлсэн. Гэтэл зөвхөн миний хэлсэн үгийг мушгин гуйвуулж "Хэвлэлийн дайсан" хэмээн гүтгэсэн нь Оюутолгойн барьцааны гэрээ, түүнчлэн Монголын ард түмний баялгийг гадныхантай нийлсэн улс төр, эдийн засгийн бүлэглэл цөлмөж байгааг байнга шүүмжилж, тэдэнтэй хариуцлага тооцохыг шаардсаар ирсэн надад болон бусад шударга гишүүдэд барьж байгаа "хорслын бэлэг" гэж ойлгож байна. Ингэлээ гээд биднийг мохоож чадахгүй гэдгийг хэлэх байна.

Манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн ард улс төрч болон улс төр эдийн засгийн бүлэглэл байдгийг олон түмэн мэднэ. Энэ хүмүүсээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд байх естой ёс зүй, зарчмаараа ажиллах боломжийг олгооч гэж хүсэх байна.

Сэтгүүлчид ээ, бид эх оронд маань шударга ёс агаар, ус шиг хэрэгтэй байгаа энэ цаг үед ажиллаж, амьдарч байна.
Иймд авлигын эсрэг, шударга ёсны төлөө идэвхитэй, тууштай хамтарч ажиллая.


УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ, ГЗ-ийн гишүүн Д.Ганхуяг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.