Толгойтын замын ажлыг 7 дугаар сарын 1-нд дуусгана
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
2017.03.30

Толгойтын замын ажлыг 7 дугаар сарын 1-нд дуусгана

Өнгөрөгч амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. Түүний 3, 4, 5, 26 дугаар хорооны иргэдтэй хийсэн уулзалтад тус дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар байлцсан юм.

Уулзалтын үеэр

Х.Нямбаатар тэргүүтэй төр, засгийн удирдлагууд иргэдэд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцсон. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны иргэд ОУВС-гийн хөтөлбөр, Хөгжлийн банктай холбоотой ойлгомжгүй асуудлаар тайлбар хүсч, тэтгэврийн насыг нэмэх эсэх, насны хишгийг цаашид тогтвортой олгох талаар асууж байлаа.

4 дүгээр хорооны иргэдийн 65 дугаар сургуулийн өргөтгөл, Толгойтын замын ажил хэзээ дуусах гэсэн асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ оны 7 дугаар сарын 1 гэхэд дуусгах тал дээр хяналт тавьж ажиллахаа илэрхийлсэн юм.

65 дугаар дунд сургууль 1976 онд байгуулагдсан. Хичээлийн 2 байртай. Тус дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны хүүхдүүд суралцаж байна. 

Толгойтын замыг нөхөх ажил 2015 оны 9 дүгээр сард эхэлж, өнгөрсөн онд шинэчилж эхэлсэн байдаг. 

Харин 5 дугаар хорооны иргэдэд тулгамдсан гол асуудлын нэг нь цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бөгөөд хорооны хуучин барилгыг засварлаж, цэцэрлэг болгох саналыг удаа дараа дэвшүүлж байсан.

Гэвч Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр энэ барилгад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болохгүй гэжээ. Тиймээс хорооны байрыг тэр чигээр нь нурааж, суурин дээр нь Канад технологийн цэцэрлэг барих санаачилгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дэвшүүлж, ажил хэрэг болгохоор хөөцөлдөж байгаагаа хэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд хүн ам шигүү суурьшсан байдаг учраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сул байна. Энэ асуудлыг анхааралдаа авч ажиллахыг гишүүн болоод дүүргийн удирдлагуудаас хүссэн юм.