Энх-Амгалан 2017.03.31 | Сайт: Vip76.mn

Л.Энх-Амгалан: Төвийн 6 дүүрэгт салбараа байгууллаа

Л.Энх-Амгалан: Төвийн 6 дүүрэгт салбараа байгууллаа
ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан

Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын институти /ММНБИ/-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалантай  ярилцлаа.

ММНБИ шинэ Удирдах зөвлөлөө сонгон, гүйцэтгэх удирдлагаа томилж, ажиллаж эхэлсэн.  Ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна?

Удирдах зөвлөл маань гүйцэтгэх удирдлагын багтайгаа хамтран хэд хэдэн удаагийн уулзалт, семинар зохион байгуулж байгууллагынхаа үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөн цаашдын зорилтоо тодорхойллоо. Үндсэн чиглэлээ "Тогтвортой хөгжил, гишүүд-олон нийтийн уялдаа хамаарал, мэргэшил ба хариуцлага, гишүүдийн үнэ цэнэ" гэсэн 4 хэсэгтэйгээр боловсруулсан. 

Хөгжлийн тодорхой стратегитэй, сайн засаглалтай, чанартай үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцтэй, үйл ажиллагаанд гишүүд нь идэвхтэй оролцдог, байгууллагын соёлыг төлөвшүүлсэн, гишүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг тасралтгүй хөгжүүлдэг, олон улсын хамтын ажиллагаагаа бэхжүүлсэн байгууллага байхыг зорьж байна.

Ажлын зорилго, зорилтоо тодорхойлох нь нэг хэрэг.

Түүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг их чухал байдаг.  Туршлагатай, мэдлэг, чадвартай, сэтгэл, зүтгэлтэй хамт олон сахилга баттай, хариуцлагатай, зохион байгуулалттай, хөдөлмөрч байж тавьсан зорилгоо биелүүлдэг. Гүйцэтгэх ажлын албыг удирдаж байгаагийн хувьд өөртөө болон хамт олондоо ийм шаардлагыг тавьж удирдан чиглүүлж биелэлтийг нь хянан ажиллаж байна. 

Бид хууль эрх зүйн орчин, засаглал, менежмент, хүний нөөц, материаллаг нөхцлийн хувьд тодорхой амжилтад хүрсэн. Одоо байгууллагын соёлд анхаарах цаг болсон.

Манай институти орон тооны 28 ажилтантай. Байгууллагын үйл ажиллагаа тэдний ажил хэргээс их хамаарна. Орон тооны ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадвар, ажлын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэхэд анхаарч, ажиллагсадынхаа цалин, урамшууллыг нэмэгдүүлэх бололцоог бий болгох, тэднийг чадваржуулах талаар анхаарч ажиллаж байна. 

Эхний улиралд ямар ажил амжуулав?

2017 оны эхний улирал дуусч байна. Бид оны эхний 3 сард багагүй ажил хийлээ. Нэгдүгээр сарын 12-нд жил бүр уламжлал болж, тогтоод байгаа гишүүдийн жилийн уулзалтаа “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдвээр зохион байгуулсан. Улаанбаатар хотын төдийгүй Дархан-Уул болон Төв аймгийн салбарын гишүүд уулзалтад ирж оролцлоо. 

Мэргэжлийн холбоодын удирдлага, төрийн захиргааны төв байгууллагын мэргэжилтнүүд, их, дээд сургуулийн багш нар, аудиторууд сонирхолтой, өгөөжтэй илтгэл хэлэлцүүлсэн. Энэ үеэр Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ММНБИ-ийн 2017–2020 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл болон 2017 оны ажлын төлөвлөгөө, төсвөө боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлууллаа. 2017 оны ажлын төлөвлөгөөнд уламжлалт ажлуудаас гадна шинээр хийж төлөвшүүлэх олон ажил тусгагдсан. Бид төлөвлөгөөт ажлуудаа хугацаанд нь гүйцэтгэхийн тулд сарын бүрийн нарийвчилсан төлөвлөгөө гарган, биелэлтэд хяналт тавьж ажилладаг.

Оюутны дадлагын, мэргэжлийн тасралтгүй хөгжлийн, эрх олгох, эрх сунгах, мэргэжлийн англи хэлний болон АССА-ийн сургалтуудыг зохион байгууллаа.

Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт ММНБИ-ийн салбаруудыг байгууллаа. 

Манай институтид Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул гэсэн салбарууд нэмэгдэж нийт 30 салбартай боллоо. Гуравдугаар сарын 24-нд салбарын дарга нарын зөвлөгөөн болж, өнгөрсөн жилийн ажлаа тайлагнан, цаашид хийх ажлаа ярилцлаа.

Хоёрдугаар улиралд зохион байгуулах томоохон ажлаасаа танилцуулна уу?

Сургалт, шалгалт, судалгаа, арга зүй, стандарт, аудит, ёс зүйн чиглэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу явагдахаас гадна уламжлал болсон томоохон ажлуудын бэлтгэлийг хангаж байна. 

Дөрөвдүгээр сарын 20, 21-нд Нягтлан бодох бүртгэлийн улсын 20 дугаар олимпиадыг ахмад санхүүч, ММНБИ-ийг үүсгэн санаачлагчдын нэг, 1993–1998 онд Сангийн яамны Нягтлан бодох бүртгэл, магадлагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Дашням агсаны нэрэмжит болгон зохион байгуулна. 

Ч.Дашням бол 1967 оноос эхлэн Сангийн яаманд ажилласан, 1990-ээд оноос хойш шинэ системийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагуудыг үүсгэн төлөвшүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн хүн.

Энэ сард нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал, “Хямралыг боломж болгох нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулна.

5 дугаар сарын 26-нд “Мандах бүртгэл” дээд сургуультай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал хийнэ. Уг хуралд манай орны их, дээд сургуулийн багш судлаачид оролцохоос гадна Япон, ОХУ, Тайланд, Солонгосын эрдэмтэн профессорууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх юм.

6 дугаар сарын 30-нд хоёр жил тутамд болдог мэргэшсэн нягтлан бодогчдын спортын их наадам Дорноговь аймагт болно. Энэ арга хэмжээг бид Дорноговь салбарын гишүүдтэйгээ хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна.  Спортын их наадамд Улаанбаатар хотын болон аймгуудын мэргэшсэн нягтлан бодогч–тамирчид маань өргөнөөр оролцохоор бэлтгэж байна.

Гадаад харилцааг өргөжүүлэх тал дээр ямар ажил хийх вэ?

5 дугаар сарын 24-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Ази Номхон далайн Нягтлан бодогчдын холбоо (CAPA)-ны бүх гишүүдийн болон ажлын хороодын хурал, уулзалт болно. 

Бид уг хуралд оролцох үеэрээ Хятадын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцах төлөвлөгөөтэй байна.

Энэ онд Ази Номхон далайн Нягтлан бодогчдын холбоо(CAPA) байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Манай институт гишүүний хувьд САРА-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоос гадна үйл ажиллагааг нь сурталчлах, таниулах ажлыг өөрийн оронд зохион байгуулна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд