51 хувьтай холбоотой асуудалд С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нар хамаатай юу?
Эрдэнэт үйлдвэр ХХК
2017.03.31

51 хувьтай холбоотой асуудалд С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг нар хамаатай юу?

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой мэдээлэл, дуулиан шуугиан үе үеийн Засгийн газар дамжин үл тасарна. Шинэ УИХ, Засгийн газар бүрдсэн даруйдаа 49 хувьтай холбоотой асуудлыг шалгаж, өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нар тэргүүтэй төр засаг, бизнесийн бүлэглэлийн хамтарсан луйвар гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэгвэл 49 хувиас ч өмнө 51 хувийг С.Баярын Засгийн газрын үед луйвардсан гэдэг асуудлыг сөрөг хүчин сөргүүлэн тавилаа.

2007-2009 оны хооронд тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын үед УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Жаст” ХХК-д зээлийн баталгаа гаргаж өгсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэгтээ шуугисан.

Тэр үед зээлийн баталгаа болгож зурсан гарын үсэг хуурамч гэсэн хариу тайлбар хийж байсан ч 2016 оны 9 дүгээр сард Лондонгийн Арбитрын шүүх тус гарын үсгийг хуурамч биш гэдгийг тогтоосон гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлж байсан.

Тэр бүү хэл Эрдэнэт үйлдвэр ХХК, УБТЗ компаниуд "Жаст"-ын 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг төлж байна гэлээ. Тэд хувийн компанийн өрийг Монголын төр төлөх ёсгүй, тийм хууль байхгүй, энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйлдэл гэсэн байр суурьтай байна.

Хэрэв энэ үнэхээр үнэн бол 10 орчим жил үргэлжилсэн луйврын гэх энэ ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, түүний агентлаг, хууль хяналтын байгууллагууд мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй байгаагийн учир юу вэ?  

Өөр нэг асуудал бол Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэр ХХК, УБТЗ-ын зээлийн баталгаагаар Жаст ХХК-ийн авсан 140 сая ам.долларын зээл юунд зарцуулагдав, хаачив гэдгийг эрх баригчдаас сөрөг хүчин асууж байна.

Сөрөг хүчний хувьд нэг таамаглал дэвшүүлээд байгаа нь энэ мөнгө оффшор бүсэд байх магадлалтай гэв. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор бүсэд данстай дэлхийн удирдагчид, улстөрчдийн нэрсийг зарласны дотор С.Баярын нэр байгааг анхааралдаа авахыг АН хүсч байна.

Тэдний үзэж байгаагаар дээрх 360 тэрбум төгрөг, С.Баярын оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хоёрыг хооронд нь холбон тайлбарлаж байна. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзоригийн дүү ч оффшор бүсэд данс эзэмшиж байгаагийн тодорхой хувь нь дээрх хэрэгтэй холбоотой хөрөнгө байж болзошгүй гэв.

Монгол Улс Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай хуультай. Уг хуулийн дагуу Монголбанкны дэргэд Санхүүгийн мэдээллийн алба гэж ажилладаг. Энэ албанаас мөнгө угаасан байж болзошгүй сэжигтэй гүйлгээг хянаж, гадаад болон дотоод урсгалтай их хэмжээний мөнгийг шалгадаг. Шаардлагатай тохиолдолд олон улсын сүлжээгээ ашиглан, дэлхийн хаана ч манай улсын мөнгө хууль бусаар хадгалагдаж байгааг илрүүлэх боломжтой гэдэг. Гэтэл уг систем ажиллахгүй байна гэж АН үзэж байна.

Тиймээс олон улсын дүрэм, журмын дагуу Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах, хөрөнгө нь хууль бус болох нь нотлогдвол уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албанд наймаас доошгүй жилээр ажиллуулахгүй байх хэрэгтэй.

Одоо төрд алба хашиж байгаа бол төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах, агуулга бүхий хуулийн төслийг Ерөнхий сайд санаачлан, УИХ-аар батлуулахыг шаардаж байна. Энэ бүхнээ дурдсан Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, өргөн мэдүүлжээ.