С.Эрдэнэ: АН "Амьд нам" болж байна
2017.04.03

С.Эрдэнэ: АН "Амьд нам" болж байна

Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалтыг өчигдөр 10:00 цагт орон даяар зохион байгууллаа. Санал хураалт өчигдрийн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн юм. Харин 13:00 цагт АН-ын дарга С.Эрдэнэ Баянгол дүүргийн санал авах байранд саналаа өгөв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ардчилсан намын дотоод сонгуулийг “Шинэчлэлийн хоёр дахь давлагаа” хэмээн томьёолж байгаа. Таны зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ?

-Дотоод сонгууль бол АН-ын шинэчлэлийн чухал алхам. Анх удаа АН-ын гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. АН-ын 152.800 саналын эрхтэй гишүүний саналаар 17.800 орчим анхан, дунд шатны удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонгож байна. Үүнийг АН төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон өөрчлөлт, шинэчлэл гэж харж байгаа.

-Удирдах бүрэлдэхүүнийг гишүүдээсээ сонгохын ач холбогдлыг та хэрхэн үнэлж байна вэ? 

-Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүйтэй адил цөөн тооны хүмүүсийн хүрээнд асуудлыг шийддэг байсан. Одоо бол гишүүдийн оролцоо дээд зэрэгт хүрсэн. Мөн АН бодлогын нам, институц болж өөрчлөгдөж байна. Үүгээрээ бусад улс төрийн намд өндөр босго, сайн жишиг тогтоож өглөө. Санхүүгийн хувьд ч нээлттэй ил тод болж байна. Өмнө нь дэнчин хураамж, хандив татвар бүгд нууц байсан. Хэн нь хэндээ хэдийг өгөөд байгаа нь ч мэдэгдэхгүй. Өнөөдөр намын бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа гишүүдийн хураамж, гишүүдийн татвар намын дансанд төвлөрч байгаа. Өөрөөр хэлбэл, бүх орлого зарлага гишүүдэд төдийгүй олон нийтэд нээлттэй болсон. Ардчилсан нам бодлогын түвшинд шинэчлэгдэж, санхүүгийн хувьд шилэн болж байна. Үр дүнд нь нам, намын гишүүд цөөн тооны олигарх хөрөнгөтнүүдээс салж, тэднээс хараат байдлаас гарч чадлаа. Энэ бол маш том ололт. Санхүүгийн эрх чөлөөтэй байна гэдэг ардчиллыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх боломжоор хангагдлаа гэсэн үг.

-Ардчилсан нам VI, VII Их хурлаараа бодлогын томоохон шийдвэрүүд гаргасан. Үүний нэг нь дотоод сонгууль. Дараагийн алхам юу байх бол?

-Их хурлаас гаргасан шийдвэрүүд ажил хэрэг болоод явж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх шиг хоосон тунхаг болж цаасан дээр үлдсэнгүй. Үр дүнг нь ч гишүүд мэдэрч эхэлж байгаагаа ярьж, хэлж байна. Одоо бид үзэл баримтлал, онолоо эцэслэн боловсруулж дуусахын зэрэгцээ, санхүү, материаллаг баазаа бэхжүүлэхийг зорино. Мөн бодлогын шинэчлэлүүдээ ч үргэлжлүүлнэ. Үүнээс нэг алхам ч ухрахгүй.

-Гишүүдээсээ сонгогдсон анхны даргын хувьд танаас асуухад АН-д хийж байгаа шинэчлэлийн алхмууд тань хэр дэмжлэг хүлээж байна вэ?

-Гишүүдийн оролцоотой нам байна” гэдэг томьёолол нь өөрөө намын шинэчлэлийн гол зорилго, амин сүнс нь. Өмнө нь гишүүдийн оролцоо байхгүй цөөн тооны бүлэг фракц хоорондоо тохиролцоод асуудлыг шийддэг байсан бол өнөөдрийн энэ сонгуулиар АН амьд нам болж байна. Гишүүдийнхээ оролцоотойгоор, гишүүдийнхээ сонголтоор, тэдний шийдвэрээр өнөөдрийн энэ үйл ажиллагаа явж байна. Би сая хоёр гурван дүүргээр орж Дотоод сонгуулийн үйл явцтай танилцлаа. Гишүүд маш идэвхтэй байна. Дараалал ч их байлаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр гишүүд өөрсдөө энэ намынхаа үйл ажиллагаанд, шийдвэр гаргах түвшинд оролцох сонирхол асар өндөр байна гэсэн үг. Энэ л таны асуултад өгөх бодитой хариулт.