Болд.Л 2017.04.03 | Сонин: Өглөөний сонин

"Герман-Азийн бизнес диалоги" чуулга уулзалтад оролцов

"Герман-Азийн бизнес диалоги" чуулга уулзалтад оролцов

ХБНГУ-ын нийслэл Берлин  хотноо хоёр дахь удаагийн “Герман-Азийн Бизнес Диалоги" чуулга уулзалт болж өндөрлөлөө. ХБНГУ- ын Бундестаг, Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан уг чуулга уулзалтад тус улс болон Ази-Номхон далайн бүсийн Австрали, БНХАУ, Япон, Индонез, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг орнуудын төр засгийн шийдвэр гаргагчид, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцжээ.

Энэхүү чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд хүндэт зочноор уригдан оролцсон байна. Тэрбээр “Ази, Номхон далайн худалдааны либералчлал” сэдэвт сайд нарын хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны сайд Г.Мюллер болон Тайланд улсын Худалдааны сайд, Филиппин улсын Тээврийн сайд, Бруней Даруссаламын Эрчим хүч, аж үйлдвэрийн сайд нарын хамтаар мэдээлэл хийжээ.              

УИХ-ын гишүүн Л.Болд хэлсэн үгэндээ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интөграцчиллын ач холбогдлыг тодотгохын зэрэгцээ энэ чиглэлээр Монгол Улсын гүйцэтгэх үүрэг, оролцоо ямар байж болох тухай саналаа хэлж улс орныхоо эдийн засгийн нөхцөл, хамтын ажиллагааны боломжуудын талаар оролцогчдод ойлголт өгсөн байна.

Европын Холбооны тэргүүлэгч гүрэн болох ХБНГУ-аас Ази дахь түнш орнууд, олон улсын корпорацуудтай хийж буй энэхүү томоохон чуулга уулзалтад анх удаа Монгол улсаа төлөөлөл урилгаар оролцсоны хувьд тэрээр цаашид уг чуулганд Монголын томоохон компаниудыг оролцуулах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр зохион байгуулагчид болон Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны сайд доктор Г.Мюллер нартай харилцан ярилцжээ.