Бат-Эрдэнэ.Б Тэрбишдагва.Д Д.Мурат Ундармаа.Б Цогтбаатар.Д Гантулга.Д 2017.04.03 | Сонин: Монголын үнэн

Германы парламент, улстөрчдийн дуурайл

Германы парламент, улстөрчдийн дуурайл

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийн Германы парламенттай танилцсан тэмдэглэлийг хүргэж байна.

УИХ-дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ахлан, тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Гантулга, миний бие, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн референт О.Гэрэлхүү нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид Монгол-Германы парламентын бүлгийн шугамаар, ХБНГУ-ын Бундестагийн урилгаар Герман улсад 2017 оны өнгөрсөн сарын 8-12-нд ажлын айлчлал хийгээд ирлээ.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, БХЯ-ны цэргийн атташе хурандаа О.Ариунаа, ЭСЯ-ны хамт олон айлчлалын бэлтгэлийг сайн хангасан байв.

БУНДЕСТАГ МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХАЛУУН ДОТНООР ХҮЛЭЭН АВСАН

Бидний төлөвлөгөө нэлээд шахуу байв. Бид Берлинд буугаад шууд хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагуудын эрх мэдэл бүхий өндөр албаны хүмүүстэй уулзалт хийснээр бидний айлчлал эхэлсэн юм.

Бундестагийн Батлан хамгаалах хорооны дарга Вольфганг Хэллмих, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Маркус Эдэрэр, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд, Бундестагийн дэд дарга хатагтай Михаела Нолл, АББ хорооны гишүүн, БХ-ын сайдаар ажиллаж байсан Франц Шозеф Юнг нар болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн Байнгын хорооны гишүүдтэй ажлын уулзалт хийлээ.

Дараа нь манай улсад олон нийтийн, хүмүүнлэг, иргэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Конрад Аденур,Фридрих Эферт, Ханс Зайдель сангийн төлөөлөгчидтэй уулзаж, Бундестагийн ордны хурлын үйл ажиллагаатай танилцсан юм.

Маргааш нь гуравдугаар сарын 9-ний 10.00 цагт парламентын гол танхимд зочиллоо. Тухайн өдрийн чуулганаар олон чухал асуудал, түүний дотор Европын холбооны асуудлыг хэлэлцэж байгаатай таарав. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Засгийн газрын гишүүдийн хамт оролцож байсан бөгөөд Монголын парламентын төлөөлөгчдийг танилцуулахад Парламентын гишүүд халуун алга ташилтаар хүлээн авлаа.

Тэр бүр гадаад улс орнуудын төлөөлөгчдийг танилцуулаад байдаггүй аж.

Нэгдсэн чуулган дээр голдуу намын бүлгүүдийг төлөөлсөн гишүүд индэр дээрээс тухайн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дүгнэлт, байр сууриа илэрхийлсний дараа гишүүд хэлсэн үгтэй холбогдуулан мэтгэлцээн өрнүүлдэг журамтай гэсэн.

Харин үг хэлэх хүн урьдчилан нэрээ өгсөн байх ёстой бөгөөд үг хэлж байгаа хүмүүс суудлаасаа босч үгээ хэлнэ. Парламентын гишүүд бүртгэлийн хуудсан дээр өөрсдөө гарын үсгээ зурж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлээгүй, шалтгаангүй чуулган тасалсан гишүүд 100-200 еврогийн торгууль, харин эмчийн магадлагаатай бол найман еврогийн торгууль төлдөг гэнэ.

Бас нэг онцлог нь чухал асуудлаар санал хураахад улаан, цэнхэр, цагаан картаар өөрийн биеэр санал өгдөг. Манайхан шиг кнопоор, тэгээд хүний өмнөөс санал өгөх гажуудал огт гардаггүй юм байна. Санал хураахаас өмнө тодорхой хугацаанд зохих давтамжтайгаар хонх дуугарч дохио өгнө.

Чуулганы үйл ажиллагааг дүрс, дууны техник хэрэгслээр бичихийн зэрэгцээ давхар гурван түргэн бичээч 20 минутаарээлжлэнтэмдэглэл хөтөлдөг нь Парламентын шийдвэр, санал хураалтад маш хариуцлагатай ханддаг болохыг харуулж байна.

ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ХӨГЖСӨН, ПАРЛАМЕНТ ТӨЛӨВШСӨН ОРОНД ТӨР, БИЗНЕС ХОЁР ХАТУУ ЗААГТАЙ

Герман улс нь парламентын засаглалтай Холбооны Бүгд Найрамдах улсын хувьд төрийн эрх барих дээд байгууллага Бундестаг, Бундесратад Христосын Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо, Социал Демократ нам, Ногоон нам, Чөлөөт Ардчилсан нам, Либерал Консерватив шинэчлэгчид зэрэг улс төрийн хүчнүүд голлох үйл ажиллагаа явуулж байна.

Германы Парламентын 630 гишүүний 299 нь тойргоос сонгогдож, 299 нь намын нэрийн жагсаалтаар, үлдсэн цөөн тооны гишүүд нэмэлтээр ордог онцлогтой. Хуулийн засаглал хөгжсөн, парламент төлөвшсөн оронд төр бизнес хоёр хатуу заагтай байдаг талаар би 2014 онд төвийн хэвлэлд нийтлүүлсэн "Баварын парламентад улстөрч, хуульчид л суудаг" нэртэй аян замын тэмдэглэл болон 2016 онд хэвлүүлсэн “Миний байр суурь” номондоо тодорхой бичсэн тул энэ талаар дахин өгүүлэх нь илүүц гэж үзлээ.

Бидний өмнө уулзсан Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грунд гуай

“Нийт сонгогдсон гишүүдийн 10 хувь нь хувийн пүүстэй, түүний 60 хувь нь хуулийн фермтэй” гэж хошигнож хэлсэн нь энэ улсад улс төр ямар цэвэр, парламентын засаглал хэрхэн зөв төлөвшсөнийг тодотгож байна.

Энэ бол улстөрчдийн хариуцлага, ухамсар асар өндөр бөгөөд улс үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах тангарагтай Германы парламентын гишүүд хувийн эрх ашиг, сонирхлыг хойш тавьж чадаж байгааг илт харуулах бодит баримт юм.

Бас нэг энгийн жишээ нь Германы жирийн иргэд хаана ч явсан гоё ганган хувцасласан байдаг бол Парламентын гишүүд маш энгийнээр хувцаслаж, эгэл даруухан байхыг эрхэмлэдэг явдал юм. Энэ нь улстөрч хүний баримталдаг зарчим, соёл аж.

Ер нь ардчилал хөгжиж, парламент төлөвшсөн улс оронд улстөрчид нь бизнес, хувийн ашиг сонирхлоос хол байж, зөвхөн өөрийн болон улс орныхоо нэрийг бодож, улс үндэстнийхээ сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө үнэнчээр зүтгэн ажилладаг нь Германы парламентын гишүүдийн баримталдаг зарчим, хэрэгжүүлдэг үйл ажиллагаанаас тодорхой харагдана.

Энэ талаар нэрт соён гэгээрүүлэгч Ш.Л.Мон- тескьегийн

"Ардчиллыг хайрлах нь төлөв дарууг эрхэмлэнэ гэсэн үг. Хүн бүхэн элбэг дэлбэг амьдралтай, нийгмийн ашиг тусыг адил эдэлж, цөмөөрөө сэтгэлийн жаргалтай, итгэл найдвартай байх ёстой. Үүнийг зөвхөн нийт даяараа төв дарууг эрхэмлэн байж л олж авч болно. Бүгд Найрамдах улсад тансаглал тогтохын хэрээр хүний оюун санаа амин хувийн ашиг сонирхолд эзэмдүүлдэг. Зөвхөн хэрэгцээгээрээ л сэтгэл ханадаг хүмүүст өөрийнхөө болон эх орныхоо алдар нэрээс өөр хүсэх юм байдаггүй. Гэтэл амьдралд эвдэрсэн хүн өөр олон янзын хүсэл шуналтай болж, удаж төдөлгүй өөрийг нь хавчиж хяхах хуулийн дайсан болж хувирдаг" гэсэн үг Герман оронд бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна.

Өрнөдөд ардчилал, Бүгд найрамдах засаглал тогтож байх тэр цагт тухайн үеийн сэтгэгчид ингэж үзэж байсан бол “Дандаа” хэмээн алдаршсан ноён Дэмчигдорж

"Ер эд хэрэглэлтэйг хэмнэх аривлах нь сайхан эрдэм бөгөөтөл зарим нэгэн газар нь эрс эмс нэгэн адил хэдэн арван лангийн үнэ гаргаж угалз хээтэй малгай, гутал өмсөх ба эхнэр хүмүүн болбоос магнаг хийморлогийн дээл өмсөх ба хэдэн зуун лан ба мянган алт мөнгөн, шүр сувдан чимэг заслага зүүх тэргүүтэй сүйтгэлийг эрх биш хэмнэж арвилбаас зохимуй" хэмээн сургасан байдаг.

Тэгэхээр Германы парламентын туршлага, улстөрчдийн үлгэр, өөрийн дээдсийн энэ мэт мэргэн сургаалыг бид хаана хаанаа бодууштай санагдаж байна.

Бундестагийн ордонтой танилцаж явахад бидний сонирхлыг шашны мөргөлийн өрөө татсан юм. Энэ өрөөг хүмүүс өөрийн шүтдэг шашныхаа зан үйл, бясалгал, мөргөлийг хийж болохооор төлөвлөн, маш орчин үеийн хэв маягтайгаар засан тохижуулсан байна.

Дашрамд хэлэхэд энэ өрөөнд олон шашны нэр хүндтэй удирдагч нар морилсон байх бөгөөд Далай багш 2008 оны тавдугаар сард морилж өргөсөн хадаг нь хадгалаастай байх жишээтэй.

Рейхстагийн ордонг 1960-аад онд дахин ашиглах шийдвэр гарсан юм байна. Энэ үед ханыг бүхэлд нь тусгай хавтангаар бүрсэн байсан бөгөөд түүнийг буулгахад цаанаас нь II дайны төгсгөлд Рейхстагийг Зөвлөлтийн цэргүүд эзлэн аваад ханан дээр бичсэн хүмүүсийн нэр бүхий бичээсүүд гарч исрэн ажээ.

Түүнийг тухайн үеийн ЗХУ-ын Элчин сайдын яаманд хандан орчуулуулж, хүнлэг бус зарим зүйлийг хасч, бусад хэсгийг нь тэр хэвээр нь дурсгал болгон үлдээсэн байна.

Нэгэн сонирхолтой зүйл гэвэл тухайн үед нэрээ бичиж үлдээсэн байлдагч Носев гуай 96 насандаа 2016 онд Рейхстагт зочилж дахин гарын үсгээ үлдээсэн байна.

Парламентын ордон буюу Рейхстаг нь анх хавтгай дээвэртэй, дөрвөн өнцөгтэй, цамхаг бүхий барилга байсан бөгөөд энэ дөрвөн цамхагт 1871 онд Герман улс байгуулагдахад нэгдсэн Бавари, Саксон, Прусс, Вюертинберг улсуудын төлөөлөл байрлаж хуралддаг байсан агаад одоо парламентад суудалтай ХАХНам, ХАНХНам, Социал Демократ нам, Ногоон намын бүлгийн хуралдаанууд явагддаг ажээ. Сүүлд сэргээн засварлахдаа Английн Архитекторчийн гаргасан зургаар бөмбөгөр шилэн оройтой болгожээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь уран бүтээлч Криста бүр 1984 онд дэвшүүлж байсан санааг Парламентын ордныг бүрэх саналыг 1995 онд гаргаж, улмаар хэрэгжүүлсэн байна. Ингээд нэг долоо хоногийн дотор мөнгөлөг өнгийн эдээр бүрж нэг сарын турш байлгасан гэнэ.

Биднийг ордонтой танилцуулсан парламентын Тамгын газрын ажилтан эмэгтэй Фон Норман ордныг бүрсэн материалаас гэр орондоо авч хүндэтгэлтэй хадгалсан талаараа ярьсан юм. Энэ нь аливаад бэлгэдэл бодож төрөө дээдэлдэг Монголчуудын уламжлалтай адилхан санагдав.

Энэ удаагийн айлчлал зөвхөн хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа төдийгүй олон улстай иж бүрэн түншлэлийн харилцааны хүрээнд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх зэрэг олон тодорхой асуудлуудыг урагшлуулахад үр дүнтэй болсон гэж үзлээ.

Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд/