Д.Эрдэнэбат: ОУВС-гийн хөтөлбөрт хамрахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий
АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат
2017.04.04

Д.Эрдэнэбат: ОУВС-гийн хөтөлбөрт хамрахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий

УИХ-ын Хаврын чуулган энэ сарын 05-нд нээж, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Ж.Эрдэнэбатаас тодруулав.

-АН-ын бүлэг 2017 оны төсвийн тодотголыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдрийн хурлаар 2017 оны төсвийн тодотголд дүгнэлт хийх Ажлын хэсэг байгууллаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин зэргийг харгалзан үзэж ОУВС-гийн хөтөлбөрт хамрах эсэхээ шийдэх ёстой. Төсвийн тодотголд хэд хэдэн татвар нэмэхээр тусгасантай манай бүлэг санал нэгдэхгүй байгаа. Мөн төсвийн зардлыг нэмсэнийг ч эсэргүүцэж байна.

-Төсвийн зардлыг нэмсэн шалтгаан нь юу байсан бэ?

-Төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн зардал нэмэгдсэн. Тухайлбал, Ерөнхий сайдын төсөв 2.2 тэрбум, ЗГХЭГ-ын төсөв 1.2 тэрбум, ЗТХ-ийн сайд 160 тэрбум, БОАЖ-ын сайд нэг тэрбум гэх мэтээр. Зардлыг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу гэдгийг эргэж харна. Зардлаа бууруулж, төсвөө хэмнэх замаар ОУВС-гийн хөтөлбөрт хамрахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж Засгийн газарт бий. Иргэдийн тэтгэврийн нас, шатахууны албан татварыг нэмэх, эдийн засгийн хямралтай үед гол хэрэглээний барааны татварыг нэмж, үнийн өсөлт бий болгох нь буруу.

-Татвар нэмэхгүйгээр эдийн засгийг сэргээх боломж байхгүй юм биш үү. Төсвийн тодотголыг хэрхэн яаж батлавал үр дүнтэй болох вэ?

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, уул уурхайгаас олох орлогын тоог бодитоор оруулах ёстой. АН эрх барьж байх үед дэлхийн зах зээлд нэг тонн нүүрс 30 ам.долллар, зэс 3000 ам.доллар байсан. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдөж, Монголын эдийн засагт ашигтай нөхцөл рүү эргэж байна. Тэр үед 30 ам.доллар байсан тонн нүүрсний үнэ өнөөдөр 150 ам.долллар, зэсийн үнэ 6000 ам.доллар руу дөхөж байна. Монголд мөнгө орж ирж байгаа. Энэ үед Монголчууд мөнгөө юунд зарцуулах ёстой вэ гэдгээ нарийн тооцох ёстойгоос биш гадныханд санхүүгийн эрх мэдлээ шилжүүлж болохгүй. ОУВС-гаас 440 сая ам.доллар авах нь гол биш. Түүний цаана нуугдаж буй 5.5 тэрбум ам.долларыг хэрхэн авах, юунд зарцуулах зэрэг нь чухал. Үүнд бид шалгалт хийнэ. Одоо Япон улсаас 800 сая ам.долларын урт хугацааны зээл авах гэж байна. Зээл авах нь буруу зүйл биш. Гэхдээ өрийг өрөөр дарах нь Монгол Улсад ашиггүй. Саяхан 5 хувийн хүүтэй 580 сая ам.долларын өрийг 8 хувийн хүүтэй Хуралдай бондоор дарлаа. Энэ бол алдагдалтай наймаа.

-Эрх баригчдын зүгээс энэ сарын 15-нд багтаад төсвийн тодотголыг батална гэсэн мэдээлэл гарсан. Энэ хугацаанд АН-ын бүлэг дүгнэлтээ бүрэн гаргаж, байр сууриа илэрхийлж чадах уу?

-Ажлын хэсгийг би өөрөө ахалж байгаа. Бид судалгаа, дүгнэлтээ  бодитой гаргах хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засаг туйлдсан уу, үгүй юу гэдгийг эргэж харах ёстой. Монголын эдийн засгийн гол тулгуур буюу уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалт зогссоны улмаас өнөөгийн хүндрэл үүссэн гэсэн дүгнэлтийг ОУВС хийсэн. Энэ бол Монгол Улсын эдийн засагт хийсэн улс төржилтгүй, бодит дүгнэлт. Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн нөхцөл байдалдаа тулгуурлан төсвөө барьж ирсэн. Анх удаагаа төсвийн урсгал зардлыг хассан. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгохоос эхлээд орон тооны асуудлыг ч шийдвэрлэсэн. Дэд сайдуудын албан тушаалыг байхгүй болгосноор 10 тэрбум төгрөг хэмнэж байсан. Хүүхдийн мөнгийг танаж болж байгаа юм чинь яагаад дэд сайдын албан тушаалыг буулгаж болохгүй гэж.