Х.Амгаланбаатар: ОУВС-ийн хөтөлбөр гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2017.04.04

Х.Амгаланбаатар: ОУВС-ийн хөтөлбөр гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна

МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгох асуудлыг зөвшилцөхгүйгээр шийдэх гэж байгаа нь Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн заалтыг зөрчиж байна хэмээн мэдэгдлээ.

МҮЭХ-оос УИХ-д “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан санал хүргүүлжээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, "Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн  4 заалтыг зөрчиж байгаа учраас энэ хурлыг хийж байна. Тодруулбал гурван талт  хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтыг зөрчиж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч, бүх нийтийн ажил хаялт үүсч болзошгүйг Засгийн газар болон холбогдох албаныханд мэдэгдсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй.

Татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгохдоо  зөвшилцөх ёстой гэсэн заалтыг зөрчив. Мөн тэтгэвэр, тэтгэмж төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломжтой үед хэлэлцээр байгуулж шийдвэрлүүлэх гэсэн заалтыг зөрчиж байна. Хоёр жил цалинг нэмэхгүй царцаана гэж хэлж буй нь уг заалтыг зөрчихөд хүрч буй юм.  Улмаар 3.9-т эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амын цалин орлого, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлнэ гэснийг зөрчиж байна.

Ийнхүү дээрх заалтуудыг зөрчсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болгох магадлал өндөр юм. Тиймээс МҮЭХ-ноос иргэдийн халаасыг нимгэлж, ард түмэнд ачаа үүрүүлж, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж  хэлэлцүүлэн батлуулах гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна" хэмээн онцлов.