Жавхлан.С 2017.04.05 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан хэлсэндээ хүрлээ

Хаврын ээлжит чуулганы нээлтэд 54 гишүүн оролцож, ирц 74,1 хувьтай байгааг УИХ-ын дарга М.Энхболд дуулгалаа. УИХ-ын хэвлэл мэдэлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс гишүүдийн ирцийн тухай мэдээлсэн. Энэхүү ирцийн мэдээллээс харахад УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой, 1 гишүүн орон нутагт томилолттой, 1 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 2 гишүүн ирээгүй байна. Тодруулбал, 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Д.Мурат, Б.Наранхүү, Н.Оюундарь, А.Сүхбат, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд нарын 11 гишүүн гадаадад томилолтоор ажиллаж байна.

Харин УИХ-ын гишүүн С.Жавхлан орон нутгийн томилолт авчээ. Тэрээр УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганд оролцохгүй, Бурхан Халдун ууланд очиж, эх орныхоо ирээдүй, иргэдийнхээ амьдралыг даатгана гэдгээ илэрхийлсэн байдаг.

УИХ-ын гишүүн гэдэг хууль тогтоох дээд байгууллагын нэгэн гишүүн бөгөөд хууль санаачлан боловсруулж, хавар болон намрын чуулганаар хэлэлцэж буй асуудал, хууль тогтоомжийн төсөлд өөрийн саналыг нэмэрлэж, шаардлагатай тохиолдолд хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах учиртай. 

Улсын хэмжээнд болон салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тойргийн иргэдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг бодлого боловсруулах замаар шийдэх ёстой.

Гэвч тэр тэгсэнгүй. Асуудалд бодитоор хандахгүй байна. Тойргийнхоо иргэдийн өмнө, улсынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Харин тэрээр олон нийтийн анхаарлыг өөртөө татах гэсэн оролдлого хийсээр. 

Эмнэлгийн чөлөөтэй нэг гишүүн байгаа нь УИХ-ын гишүүн С.Батболд. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар ирцээ бүртгүүлээгүй буюу хаврын чуулганы нээлтэнд оролцоогүй шалтгаан нь тодорхой бус байна.

Гишүүдийн ирцийн мэдээллээс хэн хэдэн цаг, минутад ирсэн нь тодорхой харагддаг. Тэгвэл хамгийн эрт ирсэн гишүүдээр М.Билэгт, Д.Оюунхорол нарыг нэрлэж болохоор байна. Тэд өнөөдөр 09:47 цагт ирцээ бүртгүүлжээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn