Тэрбишдагва.Д Нямдорж.Ц Ж.Мөнхбат 2017.04.05 | Сайт: Vip76.mn

Түүний тухай тэд

Түүний тухай тэд
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва

Хүйтэн дайны бэлгэ тэмдэг болох Берлиний ханыг 1961 оны 8 дугаар сарын 13-нд барьж, улмаар Зүүн, Баруун Герман нэгдсэнээр 1989 оны 11 дүгээр сарын 9-нд нураасан нь Герман төдийгүй хүн төрөлхтний хувьд тэмдэглүүштэй үйл явдал болсон.

Тэртээ 35 жилийн өмнө ХБНГУ-ын Гумбольдтын их сургуулийг зорьсон Д.Тэрбишдагва Берлиний ханыг нүдээр үзсэн байдаг. Германд 1982 онд сурахаар очиж, 1994 онд ирэх хүртэлх 12 жилийн хугацаанд хоёр Герман нэгдэх эсэх нь маргаантай байж, Берлиний ханыг нураах хүсэлтэй олон мянган иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгаж байсан үе. 1989 онд уг ханыг нураах шийдвэр гарснаар алх барьж нураалцсан явсан хүний нэг нь Д.Тэрбишдагва.

Энэ л түүхийн гэрч болсон дурсамж, дурдатгалаас “Зааг” ном эхэлдэг байна. Номын зохиогч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нэгэнтээ “Зааг номноос минь хэн ч бай өчүүхэн төдий олз болох санаа, оновчтой ухаарал, урам зориг, хүсэл тэмүүлэл олж авбал ном, бид хоёрын зорилго биелэх юм” гэж хэлсэн байдаг.

Энэ ном бүхэлдээ Монгол Улсын тэгш хөгжлийн загварыг тодорхойлжээ. Тэгш хөгжлийн загвар нь “Зөв Монгол хүн, зөв стратеги, зөв жолоодлого” гэсэн гурван зүйлийн нэгдэл гэж номын зохиогч үзжээ. Энэ нь нүүдэлчин Монголчуудын ухамсарын гурван онолыг шинэлэг санаагаар баяжуулсан гэж номын шүүмжлэгчид хэлж байна. Ингээд түүний талаар, түүний номын талаар хэн, юу гэж хэлснийг хүргэе. Тэдний үгнээс Д.Тэрбишдагва гэж хэн болох, түүний “Зааг” юун тухай өгүүлсэн болохыг бага ч болов мэдэж болно.

Хүний амьдрал тэр тусмаа улстөрчийн амьдрал бол тэр чигээрээ бүтэмж, бүтэлгүйдэл, амжилт, алдаа, урагшлалт, ухралт, ялалт, ялагдал, сэргэлт, бууралт, өгсөлт, уруудалт, жаргал, зовлон, хүндэтгэл, атаархал, урвалт, шарвалт сүлэлдэн хосолдог тун чиг хатуухан эсэргүүцэлтэй, яггүй л талбар даа. Би тэр л туулж өнгөрүүлсэн амьдралынхаа жимээр ахин нэгэнтээ бидэрсэн минь энэ билээ. Д.Тэрбишдагва, "Зааг" номноос

Монголын 60 жилийн түүхийг уншиж болно

УИХ-ын дэд дарга: Ц.Нямдорж

1952 онд Д.Цэдэнбал гуай Ерөнхий сайд болчихоод эрүүл мэндийн үзлэг 2 жил дараалан зохион байгуулсан байдаг. Эхлээд 100 эмч, дараа нь 150 эмч нийт 250 эмч авчирч, хоёр жилийн дотор орон даяар бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулан, улаан тариа хийсэн.

Тэр улаан тарианы дараа хэдэн сайн эр төрсөн байдгаас Б.Батбаяр (Баабар), Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, С.Баяр, Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва нарыг нэрлэж болно. Энэ үеийнхэн бол их сонин амьдралын түүхтэй, ховорхон азтай хүмүүс.

Тэр социалист нийгэм, картын барааны үеийг аль алиныг нүдээр үзсэн учраас энэ номноос Монголын 60 жилийн түүхийг уншиж болно. 

Берлиний ханаар эхэлж, сэтгэлийн амар амгалангаар дуусна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва бол сонин түүх туулсан хүн. Миний мэдэхээр Монголд байж болох бүх сайдын албан тушаалыг хашсан. 

Элчин сайд, дэд сайд, сайд, Шадар сайд, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гээд бүх сайдын алба хашиж байсан төрийн хар хүний ухаанаар эргэцүүлсэн, ухаарал болох зүйл бичсэн байх. 

Берлиний ханыг нурааж байхад алх бариад ханыг нь нураалцаад зогсож байсан Монгол хүний хувьд номоо тэндээс эхлэн, хүн гэдэг ямар нэгэн зааг, хана, хэрэмгүйгээр амьдарч болохыг өгүүлж, номоо төгсгөжээ. 

хандлагаа өөрчлөхийг хэлж байгаа юм байна 

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач Н.Жанцанноров

Берлиний ханыг барилга байгууламж гэдэг утгаар нь биш эрх чөлөөнд цангасан хүмүүсийн дотоод сэтгэл, үндэстний эв нэгдлийг дотроосоо мэдэрч бичжээ.

Ер нь бид өөрөөсөө бусдыг хүлээн зөвшөөрөхөө больсон тэр цагт хөгжлийн тухай ярилтгүй болох тухай энэ ном ярьж байна. Хүмүүсийн сэтгэлгээг өөрчилнө, шинэчилнэ гэдэг.

Сэтгэлгээгээ шинэчилнэ гэдэг нь амьдралд, ажил үйлсэд хандах хандлагаа өөрчлөхийг хэлээд байгааг энэ номноос уншсан. Хөгжил бол манлайлагчтай шууд холбоотой юм. Манлайлагч гэж өөрийгөө бус өрөөл бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг л хэлнэ. 

Ном бичнэ гэдэг сайхан "зовлон"

Яруу найрагч Д.Урианхай

Техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор аливаа үйл явдал, бодол, дурсамж дурдатгал хүмүүний тархи, оюунаас маш хурдан арчигдаж байна. Тиймээс бид өнөөдрийн үйл явдлыг баримтлуулж, маргаашийн түүх болгох үүднээс ном бичих хэрэгтэй.

Ном бичих гэдэг маш хэцүү ч сайхан “зовлон”. Ард түмний дийлэнх ядуурч буй үйл явцын шалтгааныг илрүүлж, түүнд дүн шинжилгээ хийн, зөв замд хөтлөх итгэлийг энэ номыг уншсанаар олж авна гэж бодож байна. 

Он цагийн эрхээр үг бүдгэрч, үсэг тодордог

Үндэсний төв номын сангийн захирал, Нацагдоржийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо

Монголын нэгэн жарны амьдралыг үгээр бичиж, үзгээр дүрсэлнэ гэдэг бол үзсэн, туулсан юмтай хүний хийдэг ажил. Бичгийн мэргэдийн хийдэг ажилд ханцуй шамлан орж, төр түших их ажлынхаа хажуугаар цаг заваа зарцуулжээ. 

Он цагийн эрхээр үг бүдгэрч, үсэг тодордог тийм л цаг үед бид амьдарч байна. Бид алга болоход үсэг үлддэг учраас бидний үйл хэргийг мөнх үргэлжлүүлнэ гэж бодож, итгэж, сэтгэсний үндсэн дээр зохиолчид бичиж туурвидаг.

Энэ сайхан бүтээл уншигч залуучуудыг шуугиулж, сэтгэл доторх бие биенээсээ зааглагдаж байдаг тэр хөндий хүйтэн, хатуу төмөрлөг зүйлийг аль болох уян, эерэг, гэрэл гэгээтэй тал руу залах том алхамд уриалаасай.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn