Я.Содбаатар: Эхний ээлжид төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжинэ
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2017.04.06

Я.Содбаатар: Эхний ээлжид төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжинэ

Монгол Улс ОУВС-гийн зээлд хамрагдахын тулд хэд, хэдэн төрлийн татварыг нэмэхээр болсон билээ. Энэ ч үүднээс өчигдөрхөн нээлтээ хийсэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголд өнөө, маргаашгүй өөрчлөлт оруулах гэж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатараас байр суурийг нь сонирхлоо.

-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан 2017 оны Төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг оруулж ирээд байна. Тэгвэл хувь гишүүнийхээ хувьд та үүнд хэрхэн хандаж байна вэ?

-Өнөөдөр /өчигдөр/ УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Бид хуралдаанаараа төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Мэдээж өнгөрсөн хугацаанд манай нам дээрх асуудалтай холбогдуулан иргэд болон судлаачдын тавьж байгаа санал, хүсэлтийг анхааралтай сонссон. Одоо ч сонсож байна. Хамгийн гол нь, тэдний хэлсэн санал, хүсэлтийг төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ авч хэлэлцэнэ. Шаардлагатай бол зарим зүйлийг нь тусгаж өгнө гэж үзэж байна. 

-Эдийн засаг хүндхэн, Монгол Улс хямралтай хэвээр байна. Харин эрх баригчдын зүгээс энэхүү хямралыг давж гарах алхам бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэж үзсэн. Тиймдээ ч тус сангийн өргөтгөсөн зээлд хамрагдахын тулд дахин төсвийн тодотгол хийх гэж байна. Нөгөөтээгүүр хэд, хэдэн төрлийн татварыг нэмэх асуудалд иргэд шүүмжлэлтэй хандаж байна шүү дээ?

-Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. 

-Юуг тэр вэ?

-Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн ОУВС-гийнхан Монгол Улсад ирж ажилласан. Тэд "Монгол Улсын төсөв санхүү болон эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, зарим бодлогоо засахгүй бол энэхүү хямралаас гарч чадахгүй" гэж анхааруулсан зөвлөмжийг хэлсэн. Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид бодлогын алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнийг нь олон улсын байгууллагаас ч баталгаажуулж өгч байна шүү дээ. 

-Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт бодлогын алдаа бий. Түүнийгээ засах ёстой гэж ойлголоо, зөв үү?

-Тийм ээ. Нэг ёсондоо олон улсын хараат бус шинжээчдийн байгууллагаас "Монгол Улсын эдийн засаг, санхүүд бодлогын алдаа гарсан" гэдгийг нь тогтоосон. Мэдээж гадаад зах зээлд алдаа бий л байх. Гэхдээ дотоод зах зээл, эрх баригчдаас хамаарч энэхүү алдаа гарсан. Үүнийгээ засахгүйгээр хямралаас гарч чадахгүй. Гашуун ч гэсэн зарим төрлийн татварыг нэмэх зэрэг эдийн засгийн эмчилгээг хийх шаардлагатай. Ингэхийн тулд Монгол Улс ОУВС-гийн Өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах нь зөв. Энэ нь урт хугацаандаа манай улсын эдийн засагт хэрэгтэй гэж харж байна. 

-Гэхдээ хамаг л "дарамт" иргэдэд чиглэх юм биш үү?

-Эхний ээлжид төр бүсээ чангална. Төр аль болох хэмнэлтийн горимд шилжих шаардлагатай. Үүнийг бид чухалчилж байгаа гэдгийг хэлэх нь зүй байх. 

-Ингэхэд тансаг хэрэглээгээ танахгүйгээр төр яаж бүсээ чангалах юм бэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа сайд нарын багц, зардлыг нэмж байгаа асуудлыг эргэж харах ёстой юу гэвэл тийм. Үнэхээр эргэж харах ёстой гэж харж байна. Гэхдээ өнөөдөр нэг сайдын урсгал зардлыг нэмээгүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, иргэдийн ярьж, шүүмжилдэг сайд нарын гадаад, дотоодын томилолт, бичиг хэрэг, бензин тос гэх зэрэг урсгал зардлыг бол нэмээгүй.

Харин зарим хууль тогтоомжийн өөрчлөлт, нөгөөтээгүүр төсвийг нэг болгосонтой холбогдуулан ганц, хоёр сайдын багц, зардал нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

-Тухайлбал?

-Бид Хөгжлийн банкны тухай хуулийг баталж гаргасан. Өнгөрсөн намрын чуулганаар 2017 оны Төсвийг батлахаар хэлэлцэж байх үед тус банкны санхүүжилтээр 100 гаруй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр оруулж ирсэн байсан. Харин Хөгжлийн банкны тухай шинэ хуулиар Хөгжлийн банк нь ямар нэгэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхийг хориглосон шүү дээ.

Ингэснээр Хөгжлийн банканд тавигдсан, тус банкны төсвөөс санхүүжүүлэх байсан 100 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж, тэр бүхнийг төсвөөс санхүүжүүлэхээр болж, улмаар зарим сайдын багц руу оруулж байгаа юм. Үүнээс гадна мах сүүний аян болон бусад Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, өнгөрсөн хугацаанд холбогдох хууль, эрхзүй болон бусад асуудалтай холбоотой зарим нэг өөрчлөлтийг оруулж байгаа. Энэ нь манай ард иргэдийн хүсээд байгаа сайд нарын багцыг нэмж, төрийн данхар бүтцийг санхүүжүүлж байгаа зүйл огт биш юм. 

-Та бүхэн төсвийн тодотголын төсөлтэй танилцсан л байх. Шүүмжлэлтэй хандах зүйл харагдав уу?

-Монгол Улс төсөв гэх уутныхаа ёроолыг нь нөхөхгүйгээр хямралаас гарч чадахгүй. Тийм ч учраас олон төрлийн татварыг нэмэх шийдэлд хүрсэн гэж ойлгох хэрэгтэй. Харин өөрчлөлт хийхдээ хоёр зүйлийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүй гэсэн бодлогыг баримталж байгаа.

-Ямар хоёр бодлого билээ?

-Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа, амьжиргааны түвшин хийгээд боломж муу иргэдийн нуруунд энэхүү ачааг өгөхгүй. Нэг ёсондоо арай тансаг хэрэглээний архи, тамхи зэрэг зүйлийг татварыг нэмэхээр болсон. Хадгаламжийн хүүгээс бусад арай илүү орлого олдог хэсэгтээ л ачааг нь үүрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, их орлого олж байгаа нь их татвар төлнө. Бага орлоготой нь бага төлнө. Ийм зарчмыг татварын өөрчлөлтөд оруулж өгч байгаа гэхэд болно. 

Өнөөдрийг хүртэл Монгол Улс тэгш хувийн татвартай. Тиймээс татварын шинэчлэлдээ үүнийг тусгаж өгсөн. Үүнээс гадна халамжийн асуудал байна. Ганц манайх ч гэлтгүй гадныхны хэлж байгаагаар хавтгайрсан халамжийг Монгол Улсын төсөв даахгүй. Тиймээс үүнийг зорилтод халамжид чиглүүлнэ. Нөгөөтээгүүр Монгол Улсын ядуурлын түвшин 28.1 хувьтай байгаа.

Тэгэхээр энэхүү иргэдийнхээ зүгт халамж, нийгмийн бодлогоо чиглүүлэхээр болсон. Цаад үлдсэн хувьд нь илүү ажил төрөл хийх, орлого олох, бизнес эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлд анхаарч, дэмжлэг үзүүлэхээр болж байна. Энэ мэт өөрчлөлт гарна.