Бат-эрдэнэ.Ж 2017.04.06 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хадгаламжийн хэмжээнд босго тавих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ЖДҮ-ийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлого, хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах талаар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Миний бие Засгийн газарт ажиллаж байхад “Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол аюулын харанга дэлдэж байгаа хэрэг” гэж нилээд шуугиж байсан. Гэтэл одоо 2,7 их наяд төгрөгийн алдагдалтайгаар төсвөө тодотгох гэж байна.

Өмнөх УИХ, Засгийн газрын гаргасан алдааг засч сайжруулахын тулд бид ажиллаж байна. Тиймээс хариуцлагын асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. Ард түмний мууг үзсэн тэр хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Ард түмний амьдрал тартагтаа туллаа. Одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр ямар ч бололцоо алга. Энэ ч үүднээс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж үзэж байна.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар төлбөрийн тэнцлээ сайжруулах, тодорхой төрлийн татварыг нэмэх, төсөв санхүүг сахилга батжуулах шаардлагатай байдаг учраас мөнгө, сангийн хумих бодлого хэрэгжүүлэх тал бий.

Нэгд, Хумих бодлого явуулахын сацуу ЖДҮ-ийг дэмжих, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Энэ хүрээнд Засгийн газраас Мах, сүүний анхдугаар аяныг хэрэгжүүлж, аянд 35 тэрбум төгрөг төсөвлөж байх шиг байна.

ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 51 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд суулгасан гэж сонслоо. Ингэж хөрөнгө оруулснаар хичнээн ажлын байр нэмэгдэж, ямар ахиц, өөрчлөлт гарах талаар судалгаа хийсэн үү?

Хоёрт, Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах тухайд миний ойлгосноор хадгаламжийн хэмжээнд босго тавихгүй юм байна.

Минийхээр бол босго тавих шаардлагатай гэж үзэж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 7,3 их наяд төгрөгт эргэлдэж байгаа юм. Хадгаламж эзэмшигчдийн 1 хувь нь энэ 7,3 их наяд төгрөгийн 40 хувийг эзэмшдэг гэсэн тоо бий. Тиймээс босго тавих хэрэгтэй. Орон сууц авах зорилгоор 10, 20 сая төгрөг хадгалж байтал хадгаламжийн хүүгээс татвар аваад ирэхээр ард иргэдэд дарамт болно."

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай бид ярих ёстой. Одоо өмнөх парламентын үед бодлого барьж байсан хүмүүс бид хариуцлага нэхэж байна. Хэсэг хугацааны дараа ард түмэн биднээс хариуцлага нэхэх учраас аль аль талдаа хариуцлагатай ажиллая гэдэг дээр санал нэг байна.

Хадгаламжийн хэмжээнд босго тавья гэсэн таны саналыг хуулийн төсөлд оруулах тал дээр хамтарч ажиллая.

Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр хэд хэдэн бодлого барьж ажиллаж байна. Бидний ажлаа авах үед ажилгүйдлийн түвшин 11,4 хувьтай байсан бол 2017 оны эхний улирлын байдлаар энэ үзүүлэлт 3 хувиар буурсан. Цаашид ажилгүйдлийн түвшинг бууруулж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах ёстойг ойлгож байна.

Хүн амын тоо жилд дунджаар 40-50 мянгаар нэмэгдэж байна. Тиймээс үе үеийн Засгийн газарт ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах зайлшгүй шаардлага тулгардаг.

Ингэхдээ төрийн албан хаагчдын орон тоог нэмэх биш хувийн хэвшилд ажлын байр бий болгохын тулд макро эдийн засгийн суурь үзүүлэлтийг сайжруулах хэрэгтэй байна. Энэ ч үүднээс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. 2017 оны 4 дүгээр улиралд эдийн засгийн сэргэлтийн эхний шинж тэмдгүүд илэрч магадгүй гэсэн таамаг байна. Эдийн засаг өсөлттэй байх үед хувийн хэвшилд ажлын байр бий болох боломжтой гэж үзэж байна."  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn