Тэрбишдагва.Д 2017.04.06 | Сайт: Vip76.mn

Д.Тэрбишдагва: Төсвийн алдагдал 9,8 гэж байсныг яагаад 10,6 хувь болгов?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва 2017 оны төсвөө тодотгохдоо төсвийн алдагдлаа нэмэгдүүлж оруулж ирсэн шүүмжлэлтэй хандаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

"Ж.Эрдэнэбат та Ерөнхий сайд болсныхоо дараа мэдэгдэл хийсэн тэр чигээрээ ажилласан бол ОУВС-гийн хөтөлбөрийг арай эрт хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. ОУВС-гийн дараагийн шатны хөтөлбөр болох Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь харамсалтай байна. Гэхдээ уг хөтөлбөрт хамрагдах шаардлагатай.

ОУВС-гийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их наяд гаруй төгрөг буюу ДНБ-ий 23 хувьтай тэнцэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн зарлага 8 их наяд гаруй төгрөг буюу ДНБ-ий 33 хувьтай тэнцэж байгаа юм. Харин төсвийн алдагдал ДНБ-ий 10,6 хувьтай тэнцэж байхаар төсвийн тодотголын төсөл оруулж иржээ.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулиар бол төсвийн алдагдал ДНБ-ий 9,8 хувьтай тэнцэнэ гэж тооцож байсан бол 10,6 болгож нэмж оруулж ирсэн байна. Ер нь Засгийн газар ОУВС-г урдаа барих биш эдийн засгийн хүндрэлтэй энэ үед танах боломжтой зардлаа багасгаж, улам чамбайруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Яагаад төсвийн алдагдал нэмэгдэхээр болов?

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд татварын нэмэгдлээр 2,6 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолсон байна. Харин өнөөдрийн оруулж ирсэн төслөөс харахад 101 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцоолжээ.

Засгийн газар нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, татаас, шилжүүлгээ бууруулах чиглэлд зоригтой алхам хийх ёстой гэж бодож байна. Төсвийн хөрөнгө оруулалт өмнө нь 948 тэрбум төгрөг байсан бол 26,5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 975 тэрбум төгрөг болсон байна. Төсвийн алдагдал зарлагаа дагаад давхар өссөн дүнтэй байна.

Нөгөө талаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд хүн ажилд авахгүй гэдгийг огт ойлгохгүй байна. 2006-2016 оны хооронд 121 500 төрийн албан хаагч байсан бол одоо 186 458 буюу 65 мянгаар нэмэгдсэн байна л даа. Тиймээс энэ орон тоогоо цомхотгох хэрэгтэй.

Алтны ролятыг 5 хувь болгон нэмэх хуулийн төслийг Засгийн газар өнгөрсөн онд өргөн барьж байсан. Энэ саналаа буцааж оруулж ирж болдоггүй юм уу? Алтны татвараа авч байх хэрэгтэй."

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Батлагдсан төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 101,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр төсөлд тусгасан. Тухайлбал, уул уурхайн орлого 262,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хувь хүний орлогын албан татварт хадгаламжийн хүүгийн орлогоос 43 тэрбум, импортын тамхид ногдох гаалийн албан татвараас 18,6 тэрбум, суудлын машины онцгой албан татвараас 33,8 тэрбум төгрөг ба бусад нэмэгдэх гээд 554,4 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэж байгаа.

Хүүгийн орлого буюу Хөгжлийн банкин дээр байршуулсан Чингис бонд мэтийн авлагын хүүгийн орлого нь 125,9 тэрбум төгрөгөөр буурсан. ОУВС-гаас хувьчлалын орлогыг улсын нэгдсэн төсвийн гадна буюу хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх гэсэн талд тавихыг шаардсан учраас 177,3 тэрбум төгрөгөөр буурахаар байна.

Автомашин дизелийн онцгой албан татварыг буулгасан учраас 118,6 тэрбум төгрөгөөр буурсан. Орлого 554 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 463,5 тэрбум төгрөгөөр буурч байгаагаас зөрүү нь 101,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа юм.

Төсвийн алдагдал яагаад 9,8 хувь байсныг 10,6 хувь болсон нь зарлага тал нэмэгдсэнтэй холбоотой. ОУВС-гийн гол зорилго нь Монгол Улсыг өрийн тогтвортой байдлыг хадгалах юм.

Засгийн газар, Монголбанк, ОУВС хамтран өрийн тогтвортой байдлын шинжилгээг 5 болон 10 жилээр хийж үзсэн. Энэ шинжилгээгээр 2022 онд манай Засгийн газрын өрийн хэмжээ 80-иас доош болохоор байна. Төсвийн алдагдлыг огцом бууруулж болно. Гэхдээ ОУВС-гаас бидэнд өгсөн зөвлөмжөөр бол төсвийн алдагдлыг нэг хувиар бууруулахад ДНБ-ий өсөлт нэг хувиар буурдаг гээд төсвийн алдагдал ДНБ-ий 9,8 хувьтай тэнцүү байсныг 10,6 хувь болгон нэмэгдүүлэхийг зөвлөсөн."

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn