Л.Энх-Амгалан: Монгол Улсад үүссэн нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд байдалд орсон байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.04.06

Л.Энх-Амгалан: Монгол Улсад үүссэн нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд байдалд орсон байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ОУВС-ийн талаар санал бодлоо илэрхийллээ. Түүний хэлсэн үгийг товчоор хүргэвэл:

ОУВС-нд бид эрт ороогүйгээс маш их цаг хугацаа, боломжийг алдсан. Өнгөрсөн хугацаанд бид нийт 5 удаа энэ хөтөлбөрт хамрагдаж эдийн засгаас хямралаас амжилттай гарж байсан туршлага бий.

ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна улсын төсөв батлахад тодорхой зөвлөмжүүдийг хүргүүлдэг. Энэ бол цоо шинэ зүйл биш тул хэдхэн сарын өмнө эрх баригчид байсан хүмүүс эсэргүүцэх шаардлагагүй.

ОУВС гуравхан шаардлага тавьдаг: Нэгдүгээрт, нэг төсөвтэй болох. Хоёрдугаарт, өндөр хүүтэй зээл тавихгүй байх. Гуравдугаарт, төсвөө зөв зохиож, зардлаа танах

Монгол Улсад үүссэн нөхцөл байдал бидний төсөөлснөөс ч хүнд байдалд орсон байна. Бид 6 их наядын орлого олоод 1,3 их наядыг нь авсан зээлийнхээ зөвхөн хүүнд зарцуулж байна. Төсвийн алдагдал бүс нутгийнхаа байтугай дэлхийн хэмжээнд 10 хувиас давсан байна.

Өнөөдрийн төсвийн тодотгол хийж байгаа үйл явдал нэг удаагийн гал унтраасан арга хэмжээ битгийн байгаасай.

Төсвийн тодотголоос ард иргэд, ААН, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид маш их хүлээлттэй байгаа. Тиймээс өнөөдрийн төсвийн тодотголд оруулж ирж байгаа төсвийн хүрээний төсөөлөл, эдийн засгийн өсөлтийн асуудал, төсвийн алдагдлын асуудлуудыг яг оруулж ирсэнээр нь батлах учир дутагдалтай. Хэрэв ингэж баталвал эдийн засаг сайжрах нийгмийн хүлээлтийг бид давж чадахгүй.

ОУВС-тай хөтөлбөр тохирсон мөртлөө бидний зээлжих зэрэглэлийг хуучнаар нь үлдээсэн байна. Төсвийн алдагдал багасаж байж Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэнэ.