УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.04.06

М.Оюунчимэг: Татвар, тэтгэврийн нас нэмэхгүй байх боломж бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг татвар, тэтгэврийн насыг нэмэхгүй байх боломж бий гэлээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Ерөнхий сайдыг төсвийн тодотгол хэлэлцэж байгаа энэ үед бүх сайдаа чуулганы хуралдаанд суулгахыг хүсч байна. Өнөөдөр төсөв, бизнесийн орчин үнэхээр хэцүү байгаа учраас УИХ-ын гишүүд төсвийн тодотголыг батлахдаа ямар нэгэн ашиг хонжоо харахгүй байгаасай гэж хүсч байна.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед бидний мэдэхээр Сингапур улсаас 500 сая ам.доллар, Швейцараас 250 сая ам.доллар нийт 750 сая ам.долларыг 10 жилийн хүүтэй, 5 жилийн хугацаатай авсан зээлийг төлөхийн тулд татвар нэмэх гэж байна.

Хэрэв Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт эртхэн хамрагдсан бол УИХ-ын дарга М.Энхболдын Японд хийсэн айлчлалын үеэр 8 тэрбум ам.долларыг 1-1,5 хувийн хүүтэй 30-аад жилийн хугацаатай авах боломж байсан.

Хөгжлийн банкны 172 тэрбум төгрөгийг Сайд нарын багц руу оруулж, төсөв рүү буцааж байна. Энэ бол шалгах ёстой мөнгө. Энэ мөнгө хаачив? Энэ мөнгийг улсын төсөвт оруулсанаар татвар, тэтгэврийн насыг нэмэхгүйгээр асуудлыг шийдэх боломж бий.