УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2017.04.06

Д.Сумъяабазар: Энд сууж байгаа хүмүүс ч татварын нэмэлтэд хамаарна гэж бодож байна

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

"Төсвийн тодотголын төслийг дэмжиж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар нийгэм, эдийн засгийн хавсарсан хүндрэлээс гарах ёстой гэж бодож байна. Одоогийн нөхцөл байдал нь төсвийн сахилга бат, хариуцлага алдагдсанаас үүссэн. Өнгөрсөн дөрвөн жилийг ярихгүй байхаас ч өөр аргагүй юм.

Аливаа зүйлд санал, шүүмжээ хэлж болно. Гэхдээ “Сахилга бат бол хариуцлагаас эхэлнэ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгтэй санал нэг байна. Хууль эрх зүйн тогтворгүй байдлаас болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн олон жишээ бий. Өнгөрсөн дөрвөн жилд иргэдээ ажилтай, орлоготой байлгах бодлогынхоо эсрэг ажилласан нь үнэхээр харамсалтай.

Засгийн газар оруулж ирсэн төслөө зоригтой хамгаалж, төлөвлөсөн зүйлээ хийх нь зүйтэй. Татвар нэмэх тухай гэхэд л 1,5 сая төгрөгөөс доош цалинтай иргэд нийт ажиллагсадын 95 хувийг эзэлж байна. Ингээд бодохоор үлдсэн 5 хувьд хамаарах хүмүүст шаталсан татварын систем үйлчлэх юм.

Тэднийг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэж харж болно. Тиймээс улс орноо хүнд нөхцлөөс гаргах болсондоо харин ч өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. УИХ-ын гишүүд бүгд татварын нэмэлтэд хамаарч байгаа гэж бодож байна. Тиймээс татварыг хавтгайруулан нэмэх гэж байгаа мэтээр олон нийтэд ташаа мэдээлэл өгөх нь зохисгүй.

Төсвийн тодотголын төсөлд, Сайд нарын багцаа нэмлээ гэж яриад байна. Хөгжлийн банкаар дамжиж санхүүжилт хийж байсан төсвийн хөрөнгөө буцаагаад сайд нарын багц дээр нэмсэн л асуудал шүү дээ. Энэ бол нэг төсөвтэй байх ёстой гэдгийн тод илрэл.

Улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесс гээд олон төсөвтэй, санхүүгийн сахилга бат муутай байснаас үүдэж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэдэгтэй санал нэг байгаа байх. УИХ нь Засгийн газраа дэмжиж ажиллана гэдэгт огт эргэлзэхгүй байна."