Бат-эрдэнэ.Ж 2017.04.06 | Сайт: Vip76.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахдаа босго тогтоох хэрэгтэй

Ж.Бат-Эрдэнэ: Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахдаа босго тогтоох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ОУВС-д орох нь зөв гэдэгтэй санал нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Сангийн Яамныхан зарим нэг асуудал дээр тооцоогоо эргэн харах хэрэгтэй байна хэмээсэн бөгөөд хэд хэдэн санал дэвшүүллээ. Түүний хэлсэн саналуудыг тоймлон хүргэвэл:

Нэгдүгээрт, хадгаламжийн хүүн дээрээс татвар авах асуудал дээр тодорхой хэмжээний босго гаргасан нь дээр гэж үзэж байна. Дундаж давхаргадаа дарамт үзүүлмээргүй байна. 50 саяас дээш төгрөгний хадгаламжаас авч болно.

Хоёрдугаарт, татварын хэмжээ нэмэгдхээр эдийн засаг бага зэрэг хумигдана. Тиймээс эргээд ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр сангийн сайд том хүрээнд буюу эдийн засаг эргэлтэнд орох үеийн ажлын байрны тухай ярьж байна.

Өнөө маргаашгүй хийх ёстой ажлын байрыг харъя. Мах, сүүний анхдугаар аян болон жижиг дунд үйлдвэрлэл дээр төсөв хуваарилсан. Үүнээсээ өнөө маргаашгүй ажлын байр бий болгохоор нөхцөл бүрдүүлмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэл дээр тавьсан зээлүүдээ арын хаалгатай, мэдээлэлтэй байгаа хэсэг бүлэг хүмүүст биш бүсчилсэн нутгаар нь харж байгаад, ажлын байр бий болгох ёстой нутгийг тодруулж ажиллах саналтай байна.

Гуравдугаарт, тэтгэврийн насан дээр санал байна. Эрэгтэй нь 65, эмэгтэй нь ядаж 63 байхаар тооцоо хийгээд үзвэл яасан юм бэ?

Дөрөвдүгээрт, Бас алтнаас татвар авах хэрэгтэй. Байгалийн баялагийг ашиглаж байгаагийнхаа төлөө тодорхой хэмжээний татвар төлөх ёстой.

Тавдугаарт, Мөн яамдын зардлыг эргэж харъя. Дахин хэмнэлт хийх боломжтой зүйлсийг нягтлах шаардлагатай гэжээ.