Номтойбаяр.Н Ундраа.А 2017.04.07 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүд Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав

УИХ-ын гишүүд Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон УИХ-ын гишүүн А.Ундраа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, Боловсролын тухай хуулиудын хэрэгжилт, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулан байнгын хорооны хуралдаанд танилцуулах удирдамжийн дагуу өнөөдөр (2017.04.07) Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургууль дээр ажиллаж, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Ундраа, “Ажлын хэсэг дээд боловсролын эрх зүйн орчин, дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудад олгодог санхүүгийн дэмжлэг, энэ талаарх Засгийн газрын журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалтын чанар, агуулгад анхаарал хандуулж байна. Түүнчлэн багш, судлаач, эрдэмтдийн нийгмийн асуудал, ажиллах орчин, мэргэжил дээшлүүлэх бололцоо хэр зэрэг хангагдаж байгааг судлах юм” гэлээ. Мөн бодлогын түвшинд хоёр хэлэлцүүлгийг зохион байгуулж “Дээд боловсролын удирдлагын түвшний асуудал”, “Дээд боловсролын чанар, агуулгын талаар” хэлэлцэхээр төлөвлөгдсөн байгааг дуулгаад “Монгол Улсад 21 дүгээр зуунд хамгийн чухалд тооцогдох технологийн их сургууль шинээр байгуулагдсанд баяртай байдаг” гэж онцлов.

Дараа нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм сургуулийнхаа талаар товч танилцууллаа. Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулагджээ. БСШУЯ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, мөн Германы эрдмийн солилцооны алба тус тус хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг байна.

Цаашид дэлхийн жишигт нийцсэн судалгааны их сургууль болгохын тулд олон төрлийн лаборатори байгуулж, оюутнуудыг өргөн мэдлэгтэй болгож дадлагажуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд тус сургуулийн хими, физик, авто механикийн лабораторитай танилцсан юм.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, бодит байдалтай танилцсаны дүнд үндэслэн боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах зорилгоор ийнхүү их, дээд сургуулиудад ажиллаж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.