Содбилэг.О 2017.04.07 | Сайт: Vip76.mn

О.Содбилэг: Улсын төсвийн орлого, зарлагын зохистой харьцааг яаж хадгалах вэ?

УИХ-ын гишүүн О.Содбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Сангийн сайдаас хоёр зүйл тодруулсан юм.  

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Өнгөрсөн хоёр Засгийн газрын үед Монгол Улс таван төсөвтэй байсан. Энэ бүх төсвийг нэгтгэж нэгдсэн нэг төсөвтэй болж байна. Төсвийн орлого, зарлага олон улсын зарчимд нийцсэнээр Монгол Улсын зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө гэж бодож байна.

- Цаашид Монгол Улсын төсөв, Засгийн газрын зарцуулалтыг зохистой түвшинд хадгалахын тулд ямар бодлого баримталж байна?

- Энэ оны жилийн эцсийн байдлаар эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байх тал дээр юу гэж таамаглаж байна?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

Засгийн газар байгуулагдаад 8 сар 10 хонож байна. Энэ хугацаанд эдийн засгийн уналтыг зогсооход төвлөрч ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-аас Засгийн газар Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан.

Энэ хөтөлбөрт эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулах, өсөлтийн суурийг тавина гэсэн зорилт тавьсан учраас 2017 оны эхний улирлын байдлаар эдийн засгийн уналтыг зогсоож байна.

2017 оны хоёр, гуравдугаар улирал бол тогтворжуулах, дөрөвдүгээр улирлаас эдийн засаг өсөж, тэр нь иргэд, бизнес эрхлэгчдэд бодитоор мэдрэгдэх болов уу гэж тооцоолсон.

Төсвийн зарлагын бүтцэд реформ хийх ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд олон улсын нэр хүндтэй аудитын байгууллагаар улсын төсөвт аудит хийлгэхээр төлөвлөсөн. Аудит хийлгэсэн компаниараа бодлогын зөвлөмж гаргуулах бодолтой байна.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn