Саранчимэг.Б Нямбаатар.Х Учрал.Н Гантулга.Д 2017.04.11 | Сонин: Монголын үнэн

УИХ-ын гишүүд мэргэжил сонголтын талаар сурагчидтай санал солилцов

УИХ-ын гишүүд мэргэжил сонголтын талаар сурагчидтай санал солилцов

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ахлах ангийнханд зориулсан "Ирээдүйн эзэд" мэргэжил сонголтын аяныг эхлүүлсэн. Аяны үйл ажиллагааг дэмжин УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Гантулга нар төгсөх ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгч, хамтран ажиллаж буй.

Тэд энэ удаад Баянзүрх дүүргийн "Амгалан”, “Шавь” цогцолбор, XIV, XXI сургуулийн төгсөх ангийн сурагчдыг хамруулан ирээдүйд эзэмших мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар санал солилцлоо. Уг аяны хүрээнд дөрөвдүгээр сарын 3-наас Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуулийн төгсөх ангийн 2000 гаруй сурагчийг хамруулаад байгаа аж.

Харин өнөөдрөөс “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян Сонгинохайрхан дүүргийн төгсөх ангийн сурагчдад хүрэх юм байна. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.6-д тусгасны дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа учраас “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа аж.

Дашрамд дурдахад, 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 37 мянга гаруй сурагч дунд сургуулиа төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжпийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухал болохыг тодотгож байна.