2017.04.11

Хөгжлийн банкны 172 тэрбум төгрөгийг сайд нарын багцад шилжүүлснээс гадна хэд хэдэн сайдын зардал нэмэгджээ

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа эхний асуудал бол төсвийн тодотгол юм. Тус байнгын хороо төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр хуралдаж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрыг маш тодорхой байхыг шаардсан. 

Ж.Бат-Эрдэнэ: Засгийн газар маш тодорхой байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Тэрээр 2012 онд бид ямар эдийн засаг хүлээлгэж өгсөн, 2016 онд ямар эдийн засаг хүлээж авсан гэдгээ тоо баримт, дүн шинжилгээнд суурилсны үндсэн дээр олон нийтэд ойлгомжтой тайлбарлаж, ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарцгүй болсныг ойлгуулах хэрэгтэй гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "2012-2016 онд дэд бүтцийн том том төслүүд хэрэгжүүлж, Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө ч зохистой түвшинд хадгалагдаж байсан шүү дээ. Тухайн үед төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давлаа гээд сүйд болж байсан. Гэтэл одоо төсвийн алдагдал 2 их наяд давж, эдийн засаг хүндэрсний улмаас бид ОУВС-г царайчилж байна" гэж их л бухимдангуй байр сууриа илэрхийлсэн.

Төсвийн тодотгол хэлэлцэж байх энэ үед сайд нарын зардлыг нэмж, төсөвт ачаалал өгч байна гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа учраас үүнд тайлбар хийхийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатаас хүслээ. Татвар нэмж төсвийн орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм бол татварын бааз сууриа бэхжүүлэх, өргөтгөх хэрэгтэй гэсэн санал дэвшүүллээ. Тухайлбал, алтны татварыг нэмэх нь зөв гэв. 

Мөн ОУВС болон бусад гадаадын зээл тусламж, хөрөнгө оруулалтыг өмнөх жилүүдтэй адил дэд бүтэц, зам барилгын ажилд зарцуулах уу эсвэл үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулах уу гэдгийг Сангийн сайдаас асуусан юм. Түүний асуултад Засгийн газар, Сангийн яамыг төлөөлж газрын дарга Ж.Ганбат хариуллаа. 

Ж.Ганбат: Сайд нарын багцад төсвийн тодотголоор 0,5-35 тэрбум төгрөг тусгагдсан

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад Мах, сүүний анхдугаар аян, Атрын III аяны үргэлжлэлд зориулж 35 тэрбум төгрөг тусгагдсан.

Эрүүл мэндийн сайдын багцад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 7,3 тэрбум төгрөг нэмж төсөвлөжээ. 
Зардлыг задалж харвал, 
- 0-5 насны хүүхдийн эмийн үнийн хөнгөлөлтөд зориулж 1,5 тэрбум,
- Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн тасаг нээсэнтэй холбогдуулан 0,9 тэрбум, 
- Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт 4,4 тэрбум,
- Баянгол дүүргийн хүүхэд, ахмадын эмнэлгийн үйлчилгээнд 0,5 тэрбум төгрөг зарцуулахаар төсвийн тодотголд тусгагдаад байна.

Боловсролын сайдын багцад салбарт үүссэн өрийг дарах зорилгоор 2,6 тэрбум төгрөг тусгагдсан.

Батлан хамгаалахын сайдын багцад тоног төхөөрөмжийн гааль, НӨАТ-ыг шийдэх зорилгоор 3,1 тэрбум төгрөг тусгагдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад шүүхийн шийдвэрийн дагуу олгох төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг нөхөн төлөх зорилгоор 3,8 тэрбум төгрөг тусгагдсан.

Зарим төсөвт байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай урсгал зардалд зориулж,

  • Авлигатай тэмцэх газарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан 0,5 тэрбум,
  • Тагнуулын ерөнхий газарт 0,3 тэрбум,
  • Амгалан амаржих газарт 0,5 тэрбум,
  • Санхүүгийн зохицуулах хороонд 0,4 тэрбум,
  • Онцгой байдлын ерөнхий газрын аврагчидтай холбоотой зардалд 0,5 тэрбум,
  • Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст 0,2 тэрбум төгрөг тус тус тусгагдсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд 3 тэрбум төгрөг тусгагдсан.

Гурван албан хаагчид тэтгэвэрт гарсан нэг удаагийн тэтгэмжийг олгоход зориулж Зам тээврийн хөгжлийн яаманд 0,1 тэрбум төгрөг тусгагдсан.

Эрүүл мэндийн яаманд Бельги улсын хөнгөлөлттэй зээлээр Баруун бүсийн оношилгооны төв байгуулахад Монголын талыг хариуцах зардалд зориулж 0,5 тэрбум төгрөг тус тус тусгагдсан байна. 

Хөгжлийн банкны эргэн төлөгдөх нөхцөлтэй хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалт руу нэмж тусгасантай холбогдуулан Засгийн газрын таван сайд шилжүүлж байгаа нийт дүнгээрээ 172,8 тэрбум төгрөг бий. Тухайлбал, 

  • Барилга, хот байгуулалтын сайдад 56,9 тэрбум
  • Зам, тээврийн хөгжлийн сайдад 97,5 тэрбум
  • Сангийн сайдад 1,6 тэрбум
  • Эрчим хүчний сайдад 16,6 тэрбум төгрөг тус тус шилжүүлжээ.