Занданшатар.Г Оюунчимэг.М Баттөмөр.Б Дамба-Очир.Д Баделхан.Х 2017.04.11 | Телевиз: МҮОНТВ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэв

УИХ-ын гишүүд

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай хуулийн төслүүдийг УИХ дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцлээ.

Бүлгүүдийн хувьд одоогоор албан ёсоор санал дүгнэлтээ гаргаж мэдээлээгүй  байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай, гэхдээ асуудалд зөв шийдвэрийг гаргах ёстой гэж гишүүд хандаж байна.

Мэдээлэлжсэн иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг шийднэ 

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу анх удаа зохион байгуулах гэж буй энэхүү санал асуулгаар нэгд, Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцвэрийг хангах, хоёрт, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох, гуравт, улс төрөөс хараат бус, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, дөрөвт, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, тавд, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах зэрэг сэдвийн  хүрээнд 12 асуудлыг хуулийн төслийг санаачилсан гишүүд үзэж байгаа юм.

Түүнчлэн төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах асуудлын хүрээнд улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид хараат бус, бие даасан байгууллага болгож зохион байгуулах асуудлыг санал асуулгын нэг гол сэдэв байхаар тусгажээ.