Нямбаатар.Х 2017.04.11 | Сайт: Vip76.mn

"Эргийн гаднах" хөрөнгө ба УИХ-ын шийдвэр

Бусад орны туршлагаас харахад “оффшор бүс” гэх албан ёсны тодорхойлолт байхгүй ба “эргийн гаднах, хилийн гаднах улс, бус нутаг” гэх утгыг илэрхийлдэг байна.

Оффшор бүс гэдэг нь

-Гадаадын иргэн, хуулийн этгээдэд татварын таатай орчин бүрдүүлсэн байх,

- Бүхэлдээ татварын таатай орчинтой байх,

- Гадаад улс, гадаадын улсын нутаг дэвсгэр байх,

- Хэрэглэгчийн мэдээлэл болон бусад мэдээллийн аюулгүй байдлын системийн нууцлал өндөртэй банктай байх гэх зэрэг хэд хэдэн шинж бүрдсэн эсвэл аль нэгийг шинжийг агуулсан тохиолдолд оффшор бүс гэж үзэж байна. 

1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийснээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас байна. Жагсаалтыг

  • Нидерланд (4.23 тэрбум ам.доллар),
  • Люксембург (1.15 тэрбум),
  • Британийн Виржин Арал (1.1 тэрбум),
  • Хятадын Гонконг (229 сая),
  • Бермудын арал (129 сая),
  • Швейцарь (103 сая),
  • Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна.

Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд компанийн хувьцаа эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хэмээн хардаж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан. Иймд холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн албан хаагч оффшор бүсэд данс эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглох нь зүйтэй гэж Засгийн газар шийдсэн юм. 

Энэ ч үүднээс 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Улмаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр гишүүдээс санал хураалаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байгаагаар бол уг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн Баасан гарагт буюу 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хийж, батлах төлөвтэй байна.

Монгол Улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэлтэй байна. Тэдгээрийн 920 буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид гэсэн статистик бий. Тухайлбал, Оюу Толгой болон Энержи Ресурсийн ММС компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй гэж хуулийн төслүүдийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай Ханаду Майнз, Волф Петроюм, Хүннү Коүл зэрэг 20 гаруй компаниуд хувьцаагаа Нью Йорк, Гонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржэд арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн оффшор бүсэд бүртгэлтэй. 

Ингээд бодохоор оффшор бүсэд хөрөнгө байршуулах, эзэмших, хуулийн этгээд байгуулахыг бүхэлд нь хориглох боломжгүй. Харин төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж бодож байгаа бол "оффшор"-той нэр холбогдохыг УИХ хориглож байна. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn