Энхбаяр.Ж 2017.04.12

Ж.Энхбаяр: Япон Улсын Батлан хамгаалах их сургуульд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна

Ж.Энхбаяр: Япон Улсын Батлан хамгаалах их сургуульд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр (2017.04.12) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокатай уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Масато Такаока байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлсэн юм. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсаныг дурдан энэ хүрээнд хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжих боломжтой болсныг дуулгалаа. Түүнчлэн улс төр, аюулгүй байдал үүн дотор бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа чухал учраас таньтай уулзаж байна хэмээн Масато Такаока онцлов.

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр: “Таныг Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэе. Саяхан УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад таны үүрэг оролцоо их байсан. Айлчлалын үр дүнг Монголчууд талархан хүлээн авлаа. Нөгөөтэйгүүр Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах, Япон Улсаас нэн хөнгөлөлттэй зээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн Япон Улсад талархал илэрхийлмээр байна.

Таны бүрэн эрхийн хугацаанд ОУВС, Япон Улсаас олгох нэн хөнгөлөлттэй зээлийг үр дүнтэй, зөв ашиглах тал дээр хамтран ажиллахыг хүсч байна.

Мөн Бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлд адил байр суурьтай байдаг. Тиймээс энэ чиглэлд хоёр орон хүчин чармайлт гарган ажиллаж буйг онцолмоор байна. Үүнээс гадна Монгол Улсын цэргийн атташег Японд, Япон Улсын цэргийн атташег Монголд суулгах асуудал чухал. Түүнчлэн Япон Улсын Батлан хамгаалах их сургуульд суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Энэ нь хоёр улсын цэрэг, техник, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хөрс суурь болно гэдэгт итгэж байна” гэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нарийн мэдээлэл өгсөнд байнгын хорооны дарга Ж.Энхбаярт талархал илэрхийлж Монголд суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд цэргийн атташе ирсныг дуулгав. Мөн дээрх асуудлаас гадна харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх үүнд хоёр орны бизнесийн харилцааг хөгжүүлэх боломж буйг хэллээ.

Энэ хүрээнд Монгол Улс, Япон гэлтгүй гадны хөрөнгө оруулагчдад бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай орчин бүрдүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Талууд бусад асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.