2009.01.26

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг огцруулна

-"АНОД" БАНКИНД БАЙРШУУЛСАН НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ЭРСДЭЛТЭЙ БАЙДАЛД ОРЖЭЭ-


Нийгмийн даатгалын сангийн менежмент тун муу байгааг Д.Оюунхорол гишүүн онцоллоо. Иргэдийн татвараас бүрдсэн энэ сангийн хөрөнгөд зөв менежмент хийж улам арвижуулах ёстой атал үрэн таран хийсэн эздэд нь хариуцлага тооцно гэдгээ тэрээр хэлэв. Нийгмийн даатгалын сангийн 80 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкуудад тараан байршуулсан бөгөөд үүний хоёр тэрбум нь "Анод" банкинд байршсан байжээ.

Уг мөнгө одоо эрсдэлтэй байдалд ороод байгаа гэнэ. Нийгмийн даатгалын сангийн мөнгийг арилжааны банкуудад зах зээлийн жишгээс доогуур 5-8 хувийн хүүтэй байршуулсныг ч менежменгийн алдаа гэж үзэх үндэслэлтэй ажээ, Тиймээс Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооныхон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл болон УНДЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, тайлангаа УИХ ын хаврын чуулганд танилцуулахаар төлөвлөсөн байна. Мөн хариуцлагагүй ажилласан нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийг огцруулах асуудлыг ч УИХ-д оруулах гэнэ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд НХХ-ийн дэд сайд, Сангийн дэд сайд болон ажил олгогч эздийн байгууллага, МҮЭ, МҮХАҮТ-ын төлөөлөл багтдаг юм байна. Нийгмийн даатгалын сан болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудал Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын гол сэдэв байв. Тус Байнгын хорооны дарга Д.Оюунхорол намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн юм. Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хаврын чуулганаар Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Нийгмийн халамжийн зардлыг танах уу?

-Халамжийн мөнгийг давхардуулан олгох явдал байна. Олон төрлийн халамж, тэтгэмжийг авдаггүй хүн цөөнгүй байдаг. Тиймээс тэр хэрээр нийгмийн халамжийн мөнгө үлдэгдэлтэй гардаг. Тэр мөнгийг залилан авдаг хүмүүс бий болсон. Үүнд хяналт тавьж байгаа зүйл алга. Тиймээс ядуу хүн гэж яг хэнийг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоох шаардлагатай. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас ч ийм шаардлага тавьдаг. Энэ бүхнийг Нийгмийн халамжийн хуулийн өөрчлөлтөд тусгана.

-Чанаргүй сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудыг хаах, тоог нь цөөрүүлэх арга хэмжээ авах уу?

-Дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвар муу байгаа. Нөгөө талаар боловсон хүчин бэлтгэх бодлого алдагдсан. Улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт чухал шаардлагатай инженер, техникийн боловсрол эзэмшиж байгаа хүн нийт суралцагсдын 8,6 хувь байна. Энэ харьцааг өөрчлөх ёстой. Мөн их, дээд сургуулиудад тавих шалгуурын өндөрсгөнө.

-Эрүүл мэндийн даатгал эзэндээ хүрэхгүй байгаа тухай шүүмжлэл их гардаг. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?

-Эрүүл мэндийн даатгал НХХЯ, ЭМЯ, СЯ гэсэн гурван яамны мэдэлд байдаг. Тиймээс тогтолцоо нь их оновчгүй. Иргэн хүн эрүүл мэндийн даатгалаа төлсөн ч хөнгөлөлт эдэл дэггүй. Үүнийг өөрчилнө. Зохих хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа, цаашид нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын тогтолцоо өөрчлөх талаар олон улсын байгууллагатай хамтарч ажиллана. Нийгмийн хамгаалал, боловсрол, соёл. шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг томоохон салбарыг хамарсан бодлого боловсруулдаг Байнгын хорооны хувьд намрын чуулганы үеэр нэлээд ачаалалтай ажиллажээ. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулснаар дайнд оролцсон ахмад дайчид сар бүх 200 мянган төгрөгийн тэтгэмж авахаар болсон. Энэ бол эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан ахмад буурлууддаа төрөөс үзүүлж буй халамжийн нэг хэсэг. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж, ирэх сарын дундуур болох ээлжит бус чуулганаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Энэ хуулийг зөвхөн Мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтыг авахын тулд баталж байгаа бус мэргэжлийн боловсролын салбарыг сэргээх, үүнд хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх, техник, технологийг сайжруулах, боловсон хүчнийг чадваржуулахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг Д.Оюунхорол гишүүн онцлов. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо стратегийн болон томоохон орд газраас олсон орлогоос иргэн бүрт 1,5 сая төгрөг хүртээх эрх зүйн болон санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх тухай тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.