Ганхүү.П 2017.04.13 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн газар

“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав

“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.04.12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл  болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар боллоо. Төвийн эрчим хүчний системийн диспетчерийн горим, тохиргоог хангаж, импортын эрчим хүчийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна. Үүнтэй холбогдуулан “Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийн нэгжийг татан буулгахаар боллоо.

Усан цахилгаан станцын төсөл нь манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах, цэвэр усны нөөцийг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой.

Шинээр байгуулах компани нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл болон бусад зөвшөөрөл, газар эзэмшихтэй холбоотой гэрчилгээнүүдийг эзэмшиж, Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ, холбогдох бусад гэрээ байгуулах эрхтэй бөгөөд станц баригдаж дууссаны дараа ажлыг нь бүрэн хариуцах юм.