Нямбаатар.Х 2017.04.13 | Сайт: Vip76.mn

Хууль зүйн байнгын хорооны эцсийн хуралдааны дүгнэлтийг танилцууллаа

Хууль зүйн байнгын хорооны эцсийн хуралдааны дүгнэлтийг танилцууллаа
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

"УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.3 дахь заалтыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэгт явуулах тухай төслийн зарим зүйл заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд Байнгын хорооноос эцсийн хувилбарын төсөл, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томъёололыг бэлтгэн та бүхэнд тараасан билээ.

УИХ-ын дарга эрхэм гишүүд ээ,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонихлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хувилбарын төсөл, эцсийн хувилбарт бэлтгэсэн тухай танилцуулга болон зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг баталж өгөхийг та бүхнээсээ хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа."