Ц.Даваасүрэнд огт хамаагүй
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.04.13

Ц.Даваасүрэнд огт хамаагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.13/ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга нь төрийн албан хаагч, түүний хамаатан садан оффшор бүсэд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглосонд оршино. 

Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хоёр зүйлд шүүмжлэлтэй хандаж байсан. Нэг нь Нийтийн албаны тухай дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр "оффшорчид"-ыг шийтгэх хангалттай хууль эрх зүйн орчин бүрдсэн. Нөгөө нь төрийн албан хаагчийн хамаатан садан байлаа гээд хууль ёсны орлого олж байгаа бол ял шийтгэл оногдуулж болохгүй шүү гэсэн байр суурьтай байлаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн.

Тэрээр өмнөх Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн асан, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гээд хэд хэдэн хүнд хариуцлага тооцох ёстой гэдэг бат итгэдэг. Үүнийгээ ч байнга илэрхийлдэг юм. 

Өнөөдрийн чуулганы хуралдаанд хэлсэн үг нь түүний байр суурийг дахин нотлоод авлаа. Учир нь тэрээр "Энэ хууль батлагдлаа гээд УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарт хамаарахгүй шүү дээ. Өмнө нь С.Баярцогтыг шалгах гэхээр хуульд “оффшор” гэдэг үг байхгүй байна гэж шалтаглан хариуцлага тооцож чадаагүй.

Угтаа бол татвараас зугтаасан, орлогоо нуун дарагдуулсан, мөнгө угаасан, хууль бусаар орлого олсон гэдэг шалтгаанаар шалгах, хариуцлага тооцох бүрэн боломж байсан. Одоо түүнд хариуцлага тооцъё гэхээр төрийн албан хаагч биш болчихсон, хөрөнгө, орлогын мэдүүлгээ тайлагнах шаардлагагүй" гэлээ. 

Монгол Улсад Эрүүгийн хууль, Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тухай, Татварын ерөнхий хууль гээд "оффшорчид"-д хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрэн бий. Хэрэв Нийтийн албаны тухай дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол төрийн албанд өмнө нь 4-8 жил ажиллаж байсан хүмүүст ч энэ хууль үйлчилдэг байхаар өөрчилье гэдэг саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дэвшүүлсэн.

Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж, хуулийн үйлчлэлд хамрах хүрээг улам тодорхой, ойлгомжтой болгосноор Хөгжлийн банктай холбоотой шалгагдаж байгаа хүмүүсийг ч хамаатуулан шалгаж болно гэж тэрээр үзэж байна. 

Нөгөө талаас хууль бусаар олсон орлого уу гэдгийг энэ хуулиар шалгах ёстой. Хэрэв хууль ёсоор орлого олсон бол тухайн хүн УИХ-ын гишүүний хамаатан садан байхаас үл хамаарч гадаадад хөрөнгөө байршуулж, орлого олж болно гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.

УИХ-ын гишүүний хамаатан садан байлаа гээд хууль ёсны орлого олж, татвараа төлж байгаа бол тухайн хүнд хариуцлага тооцох эрх зүйн үндэс байхгүй. Бизнес эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийн бизнест саад тотгор учруулах, төрийн албан хаагчийн хамаатан садан болохынхоо төлөө хариуцлагад татагддаг, сонгуулийн үеэр өрсөлдөгч рүү дайрах хэрэгсэл болгон ашигладаг бохир хууль гарахаас сэргийлэх хэрэгтэйг анхааруулсан юм.