Эрдэнэбат.Ж 2017.04.14 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороод хэлэлцэж, дэмжлээ

Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хороод хэлэлцэж, дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2017.04.13) 22 цаг 10 минутад   гишүүдийн 52.6 хувийн ирцтэй хуралдаж, Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсвийн байнгын хорооноос уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсөв хэлэлцэж байхад Төсвийн байнгын хороо хууль санаачилж оруулж ирэх нь зөв үү” гэдгийг тодруулж асуув.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ талаар тайлбар хийхдээ, Монгол Улсын 2017 онытөсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татаж, хуулийн зөрчилдөөн үүссэн учир Төсвийн байнгын хороо Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал оруулж байгааг хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн гаргасан Төсвийн байнгын хороо хууль санаачилж батлуулах нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Дараа нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарын гаргасан Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэнээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болов.

Үүний дараа үргэлжлүүлэн Эдийн засгийн байнгын хороо 57.9 хувийн ирцтэйгээр дээрх асуудлаар (2017.04.13) 23 цаг 06 минутад хуралдлаа.

Байнгын хорооны хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хуулийн төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, саналаа хэллээ.

Ингээд Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн Концессийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.