Баасанхүү.О Хүрэлбаатар.Ч 2017.04.14 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Та нар гэрийнхээ төсвийг батлахдаа алдагдалтай байтугай илүүдэлтэй батлаад оффшорт хадгалдаг биз дээ?

О.Баасанхүү: Та нар гэрийнхээ төсвийг батлахдаа алдагдалтай байтугай илүүдэлтэй батлаад оффшорт хадгалдаг биз дээ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.14/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. 

Холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү зардлаа танах арга хэмжээ авсанхгүй хэмээн шүүмжилж, хэд хэдэн асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Би болдог бол 9,9 гэж ярьж байсан хувийг ч тэглээд явмаар байна. Мэдээж төгс тооцоо байхгүй гэсэн утгаараа ядаж 5-аас дээшлүүлмээргүй байна.

Бид айлаас эрэхээр авдраа ухах хэрэгтэй. Дотоод нөөцөө шавхаж болдоггүй юм уу?

Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банкаа хөдөлгөмөөр байна.

Наад зах нь ярихад Эрдэнэтийн 51 сая долларыг төлөхөөр болсон. Үүнийг Төрийн банк л төлнө. 500 сая доллар ярьж байсныг 49%-д өгөхөөр ярьсныг бас өгнө. Дээрээс нь сая өр зээл тавьснаа төлнө.

Фонд хүрэхгүй бол хэн хариуцлага хүлээх юм бэ? Төвсийн тогтвортой байдлыг зөрчвөл үг дуугүй огцрох хуультай.

Засгийн газар, сайдуудад хариуцлага тооцох боломжгүй болсон учир одоо 0,2 буюу ойролцоогоор 60 тэрбум доллар хэмнэе гээд байна. Энэ чинь нэг л компаний цахилгааны мөнгө. Ингэж төсөвт хариуцлагагүй хандаж болохгүй. Яагаад 5 функтээр оруулж ирэхгүй 0,2-оор оруулж байгаа юм бэ? Та нар гэрийнхээ төсвийг батлахдаа алдагдалтай байтугай илүүдэлтэй батлаад оффшорт хадгалдаг биз дээ?

9,9 хувиас хэтрүүлэхгүй байх гэж заагаад байхад 10,4 хувь болгох гээд байгаагийн шалтгаан юу юм бэ? Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөлд 10,6 гэж байсныг УИХ 0,2 хувиар бууруулж байгаа юм байна л даа. Ерөнхийлөгчийн сонгууль болох хараахан болоогүй байна шүү дээ. Бууруулсан нь бууруулсан гэдэг утгатай улс төрийн шоу хийгээд байгаа юм уу?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

Аливаа зүйлд улс төрийн өнцгөөс хандаж ирсэн учраас л улс төр, эдийн засгийн хямрал нүүрлэсэн. ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөр бол сонгуулийн шоу биш. Дампуурсан эдийн засгаа сэргээх, улс төрийн бодлогоо тодорхой болгох, эдийн засгийн бодлогыг хариуцлагатай, цэгцтэй болгоё гэсэн үүднээс л хандаж байгаа.

10,6 гэсэн төсвийн алдагдлыг 10,4 болгож буулгасан нь өчигдөр 2 дугаар хэлэлцүүлгийн үед гарсан саналуудаар дэмжигдсэн учраас ингэж 0,2-р буусан.

Ер нь аливаа нэгэн зардал орж ирэхэд яагаад энэ зардал өсч байгааг мөшгих байдлаар асуудалд хандах юм бол төсвийн сахилга бат тогтоно.

Засгийн газар ч гэсэн оруулж ирж байгаа тоо болгоноо үндэслэлтэй оруулж ирж, түүнийгээ тайлбарлаж чаддаг байх ёстой. Тоондоо чухал биш.

10,2 гэдэг бол үндсэндээ 60 тэрбум төгрөг. Ийм жижиг юмаар шоу хийж байна гэж ойлгож болохгүй. Төсвийн байнгын хороо ч, УИХ ч Засгийн газраас оруулж ирсэн зардал болгоныг хянаж байвал төсвийн сахилга бат сайжирна гэсэн үүднээс бид хандаж байгаа. Эдийн засаг ийм хүнд байгаа тохиолдолд шоу хийгээд сууж байх зав байхгүй.