Ж.Энхбаяр 2017.04.14 | Сайт: Vip76.mn

Ж.Энхбаярыг бухимдахад хүргэсэн 700 тэрбум

Ж.Энхбаярыг бухимдахад хүргэсэн 700 тэрбум
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.14/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталсан. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төсвийн тодотгол концесс нэрийн дор 700 тэрбум төгрөг зарлага талд яагаад орж ирснийг тодрууллаа. 

Тэрээр гадаадад мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байсан 400 гаруй цэргийн албан хаагчдын сургалтын зардлыг хасаж, хил дээр, алслагдсан бүс нутагт ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын нэмэгдлийг эдийн засаг хүндрэлтэй байна гэсэн нэрийдлээр өгөхгүй болсонд шүүмжлэлтэй хандсан хэвээр байгаа нь хэлсэн үгнээс нь тодорхой байлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр долоон төрлийн татвар, төсвийн зардлаа нэмээд зогсохгүй дахин 700 тэрбум төгрөгийн концесс нь ямар төсөл, хөтөлбөр, дэд бүтэц, бүтээн байгуулалт болохыг лавлаад, ямар үндэслэлээр улсын төсвөөс санхүүжүүлэх болсноо тайлбарлахыг Засгийн газраас шаардлаа.

Угтаа бол МАН-ын барьдаг бодлого бол нийгмийн халамж, хамгаалал бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн асуудлыг нэн тэргүүнд шийдэх зорилттой гэдгийг Засгийн газарт сануулсан юм.

Тэрээр 100 км зам барих мөнгөөр Монголын бүх хүүхэд цэцэрлэгтэй болж эсвэл эрүүл мэндийн салбарыг иж бүрэн шинэчилж болно гэдэг санааг дэвшүүлэн тавилаа. 

Ингээд түүний асуултад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар хариулсан. 

Ч.Хүрэлбаатарын тухайд Концессын гэрээг 2018 он хүртэл байгуулахгүй байх тал дээр УИХ, Төсвийн байнгын хороо хатуу байр суурьтай байгаа бөгөөд нэгдсэн нэг төсөвтэй байх бодлого баримталж, төсвөөс гадуур байсан 700 тэрбум төгрөгийн өртөгтэй концессыг улсын төсөвт нэгтгэсэн хэрэг гэж тайлбарлалаа. 

Ж.Мөнхбатын тухайд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа гэдэг утгаараа нийт 700 тэрбум төгрөгийн өртөгтэй концессын ямар ямар гэрээний төлбөрийг улсын төсвөөс эргэн төлөхөөр болсныг хэлсэн юм. 

Засгийн газрын тогтоол ёсоор барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээг цуцалж, зайлшгүй барих шаардлагатай буюу өмнө нь гэрээ хийсэн концессын гэрээг төсвөөс эргэн төлөгдөх хугацааг 2020 он хүртэл хойшлуулж, гэрээний үнийн дүнг буулгах тухай чиглэл өгсөн. Нийт 700 тэрбум төгрөгийн өртөгтэй хэд хэдэн концессын гэрээ байгааг дурдвал, 

- Ричмон билдинг компанийн гүйцэтгэж буй 72 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг дуусгах тухай Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан учраас концессыг дуусгахаас өөр аргагүй болсон.

- Увс аймгийн 130 км замын ажлыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр 3 жилийн өмнө шийдвэр гарч, одоо ажлын гүйцэтгэл 86 хувьтай явж байгаа учраас үнийн дүнг 3 орчим сая ам.доллараар буулгаж,  эргэн төлөгдөх хугацааг 2019 он хүртэл хойшлуулсны үндсэн дээр уг зам, барилгын ажлыг дуусгахаар болсон.

- 76 хүүхдийн цэцэрлэгийн барилгын концесс мөн энэ 700 тэрбум төгрөгийн концесст хамаарч байна.

- Дашинчилэн-Мөрөн чиглэлийн 120 км замын концессын гэрээний төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой.

- Дорноговь аймгийн 2 сумыг Оюу толгой ХК-ийн цахилгаан станцаас шугам татаж, цахилгаан эрчим хүчээр хангах төсөл байна.

- Чойрын эрчим хүчний нэг төсөл

- Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон замын төслүүд бий.

- Хан-Уул дүүргийн 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг барьж байгаад 2 жилийн өмнө зогссон байдаг. Энэ эмнэлгийг барьж дуусгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Ийнхүү ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат улсын төсвийн зарлага талд тусгагдсан концессын гэрээ тус бүрийг яагаад санхүүжүүлэх болсноо хэлсэн ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаа амарсангүй.

Тэрээр эдгээр концессын гэрээ нь нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөр мөн болоход эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Нөгөө талаас өндөр өртөгтэй байна лээ. МАН өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа зам, барилгын ажил хэдэн төгрөгийн өртөгтэй байдгийг хангалттай судалсан хэрнээ одоо ярьж буй дүнгүүд өндөр хэвээр байгааг хэлээд өмнөх УИХ, Засгийн газрын түүхийг давтахгүй байхыг анхаарууллаа.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn