Оюундарь.Н Ганбаатар.Ж Ш.Раднаасэд 2017.04.18

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар асуулт асуулаа. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагын талаар Байнгын хорооны дарга тодруулав.

Их, бага хэмжээний дүнтэй гүйлгээ, картын тооцоо, опетарорууд, арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллага гээд Монгол Улсын төлбөрийн системд олон байгууллага оролцдог бөгөөд Монголбанк гол зохион байгуулагчаар ажилладаг талаар тус банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өглөө.

Уг хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн системд оролцогч талуудын үйл ажиллагааны нэгдсэн системийг бүрдүүлж, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм байна.

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан бөгөөд төлбөрийн системд зөвшөөрөлгүйгээр оролцсон, эсвэл хуурамч баримт материал бүрдүүлэн хууль бусаар зөвшөөрөл авсан тохиолдолд хариуцлага тооцох тухай заалтуудыг тусгасан байна. 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар арилжааны банкууд картын үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэдээс авдаг шимтгэлийн хэмжээнд өөрчлөлт орох эсэхийг тодруулсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бүр иргэдэд үзүүлж буй картын үйлчилгээний цар хүрээ, зардал, үйл ажиллагаанаасаа хамаараад янз бүрийн шимтгэл авч байна.

Харин Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлд эдгээрийг нэгдсэн системд оруулж, үйлчилгээний шимтгэлийн дээд хязгаарыг Монголбанк тогтоохоор тусгасан хэмээн Ажлын хэсэг хариулт өглөө.

Иноваци, техникийн дэвшлийн үр дүнд бий болж, дэлхийн олон орны төлбөрийн системд хэрэглэгдэж буй цахим мөнгийг ашиглах зохицуулалт хэлэлцэж буй хуулийн төсөлд тусгагдсан эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тодрууллаа.

Монгол Улсын төлбөр тооцоонд хэрэглэж буй гол мөнгө бол төгрөг, харин техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор бүтээгдсэн, төгрөгийг орлуулж болохуйц төлбөрийн хэрэгслүүдийг цахим мөнгө хэмээн хуулийн төсөлд тодорхойлсон байна. Харин цахим мөнгийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын төлбөрийн системд ашиглах, тусгай зөвшөөрлийг Монголбанкнаас олгохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Байнгын хорооны санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.