Ази-Номхон далайн бүсийн чуулганыг дэмжих бүлэг байгууллаа
2017.04.19

Ази-Номхон далайн бүсийн чуулганыг дэмжих бүлэг байгууллаа

JCI байгууллага нь залуу бизнес эрхлэгч, манлайлагчдын нэгдэл бөгөөд дэлхийн 120 гаруй оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улс дахь салбар байгууллага нь АСПАК буюу Ази-Номхон далайн бүсийн чуулганыг 2017 оны 6 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлаа хийж байна.

Тус чуулган нь УИХ-аас баталсан “Эдийн засгаа сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжих, гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Иймд дэлхийд нэр хүндтэй тус арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад төр засгийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Л.Болд, Д.Гантулга, Н.Учрал, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар нэгдэж, уг чуулганыг дэмжих бүлэг байгуулан ажиллахаар боллоо.