Чинзориг.С Баттөмөр.Б 2017.04.19 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Үндэсний хөгжлийн газрын мэдээллийг сонслоо

Үндэсний хөгжлийн газрын мэдээллийг сонслоо

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсов.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулан ажиллаж буйг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулгынхаа эхэнд дурдлаа.

Улсын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийн төслийг боловсруулах, Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсэг нь Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох газар, хэлтсүүдийн оролцоотой байгуулагдан ажиллаж байгаа гэв. Хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбогдуулан Үндэсний хөгжлийн газраас хөтөлбөрт тусгуулах 30.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг яамдаас авч байгаа аж.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2015 оны 105 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан юм. Тогтоолоор Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөгдөж байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх тогтоол, шийдвэр, заавар, журмыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэх, хуульд заасан журам, зааврыг боловсруулж, батлах ажлыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан гүйцэтгэх чиглэл өгсөн бөгөөд гүйцэтгэлийн тайланг Үндэсний хөгжлийн газрын дарга танилцууллаа.

Мөн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатай бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлох ажлын хүрээнд 1990 оноос хойш батлагдсан, өнөөгийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг судлан, бодлогын баримт бичгийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ.

1990 оноос 2017 оныг хүртлэх хугацаанд 412 бодлогын баримт бичиг баталснаас өнөөгийн байдлаар 126 бодлогын баримт бичиг хугацааны хувьд хүчинтэй байна. Үүнээс УИХ-ын тогтоолоор батлагдсан 51, Засгийн газрын тогтоолоор батлагдсан 75 бодлогын баримт бичиг байгаа аж.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, хүчингүй болгох, шинэчлэх шаардлагатай бодлогын баримт бичгийн хүрээг тодорхойлох ажлын явцын талаар тэрбээр танилцууллаа. Мөн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аргазүйн зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Мөн гэрээ нь хийгдээгүй болон ажил нь эхлээгүй концессын төслүүдийг хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор ангилах, эрэмбэлэх арга хэмжээний талаар мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Үндэсний хөгжлийн газар нь бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаандаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах, Улсын Их Хурал энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хэлэв.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загвар буруу байгаа тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн олон улсын загварын шинэ хандлагад нийцүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай, үүнд Үндэсний хөгжлийн газар чухал үүрэгтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр хэллээ. Бодлого төлөвлөлтийн газрын статусыг өргөжүүлэн, бэхжүүлэхэд Улсын Их Хурал анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлэв.

Ийнхүү Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын мэдээлэлтэй холбогдуулан шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулав.