Жавхлан.Б 2017.04.20 | Сайт: Vip76.mn

Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна

Б.Жавхлан нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна
УИХ-ын гишүүн Б.Жавхлан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан нэр бүхий 18 гишүүний хамт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн байдаг. Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Манай улсад 2008 оноос хойш гадаадын банкууд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм. Арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай, эдгээрийн 3 нь гадаадын банкны хувьцаа эзэмшигчтэй байна.

Одоогоор гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулахыг зөвшөөрөх, татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг "Банкны нэгжийн журам"-аар зохицуулдаг. Цаг үеийн шаардлага, банк санхүүгийн системийн хөгжил дэвшилтэй уялдуулан гадны банкны салбар, төлөөлөгчийн газар оруулж ирэхийг зөвхөн журмаар зохицуулах нь хангалтгүй гэж хууль санаачлагчид хэллээ. 

Хуулийн төсөлд Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх хүрээ, хязгаарлалт, үүсгэн байгуулагчид тавих шаардлага, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан юм. Тухайлбал,

- Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх

- Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байна

- Тухайн банкны олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байна

- Сүүлийн гурван жилд өөрийн болон бусад оронд байгуулсан банкны салбар, нэгж нь үйл ажиллагаа, санхүүгийн хувьд доголдоогүй байх

- Иргэдээс хадгаламж татан төвлөрүүлэхгүй, хараат болон охин компани байгуулж болохгүй  

гэсэн онцлох заалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Гэвч байнгын хорооны гишүүд хуулийн төслийн зүйл заалтуудыг улам тодорхой болгож нарийвчлах, уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд түлхүү хөрөнгө оруулалт хийхийг шаардах гэх зэргээр засч сайжруулах зүйл байна гэж үзээд УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар болж байна. 

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний үндсэн дээр УИХ-ын ажлын хэсэг ажилдаа орох юм.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn