Ё.Баатарбилэг Жавхлан.Б 2017.04.20 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Шинэ хууль гаргах бодит хэрэгцээ бий юу, цаг нь мөн үү?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өөрийн байр сууриа илэрхийлж, хууль санаачлагчаас асуулт асуусан юм. 

Ё.Баатарбилэг: Шинэ хууль гаргах шаардлага байна уу?

Олон улсын жишгээр бол банкуудын ашиг жилийн 10-15 хувь байдаг бол Монголын арилжааны банкуудын жилийн ашиг 25-30 хувьтай байдаг гэсэн тоо бий. Банкны хүү, тавигдах шаардлага өндөр гээд асуудлууд тоочиж болно. Хөрөнгө оруулалтын банкны ашигтай байдал, давуу талуудыг түлхүү ярилаа.

Арилжааны банкууд хэдий ашигтай ажиллаж байгаа боловч банк, санхүүгийн системийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс уг хуулийн төслийг батлан гаргах цаг нь болсон уу, үгүй юу гэдгийг эргэн харах хэрэгтэй болов уу.

- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл батлагдлаа гэхэд зах зээлийн багтаамжаас шалтгаалж, хэдэн банкинд зөвшөөрөл олгох талаар судалсан уу?

- Люксембург, Сингапурын жишээ яриад байна. Хүн амын тоогоороо ойролцоо байж болох ч санхүү, хөрөнгө оруулалтын төв, тэс өөр орчин, нөхцөлтэй улсуудын жишээг татаж, харьцуулж байгаа нь хэр оновчтой вэ?

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэж болохгүй юу? Шинэ хууль гаргах шаардлага байна уу? Гадны банкууд эхний хэдэн жилдээ жижиг зээл олгохгүй, төсөл, хөтөлбөр санхүүжүүлж байгаад аажимдаа дотоодын арилжааны банкуудтай ижил төрлийн үйлчилгээ үзүүлж, улмаар Монголын банкны систем ганхах нөхцөл байдал үүсэхгүй гэсэн баталгаа байна уу?

Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд батлагдсан боловч хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэнгүй. Одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг баталлаа гээд мэдэгдэхүйц үр дүнд хүрэх үү?

Хуулийн төсөл батлагдлаа гэхэд гадны банк ойрын хэдэн жилдээ орж ирэхгүй гэж ярилаа. Хууль гаргахдаа нийгмийн эрэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэж, шаардлагатай тохиолдолд нэмж, өөрчилдөг шүү дээ.

Б.Жавхлан: 2000 онд гаргах ёстой байсан юм

Таны болгоомжилж буй асуудалд адилхан санаа зовниж байна. Гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтуудыг ч хуулийн төсөлдөө тусгахыг хичээсэн. Бүх эрсдлийг тооцоолж байна гээд хориглож, хаагаад байвал энэ хуулийн төслийг батлах хэрэг байхгүй болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Хөрөнгө оруулалтын хэдэн банк Монголд орж ирэхийг мэдэхгүй. Магадгүй банк орж ирэхгүй ч байж болно.

- 100 тэрбум төгрөгөөс давсан төсөл, хөтөлбөр Монголд тийм ч их байхгүй. Байлаа гэхэд тэр төслийг сонирхож хөрөнгө оруулах гадны банк яг өнөөдөр байхгүй. Харин маргааш манай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боллоо гэхэд бид бэлтгэлтэй байх ёстой. Хэрэв бэлтгэлгүй байвал энэ бол бодит эрсдэл.

- 2000 онд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж эхлэх ёстой байсан. Ялангуяа томоохон төслүүдээ хөдөлгөхөөсөө өмнө хууль эрх зүйн орчноо бүрдүүлсэн бол эдийн засагт өгөөжөө өгөх байлаа. 

Суурь эдийн засаг идэвхжилгүй байгаа болохоор манайд хэн ч орж ирэхгүй байна. Бизнесийн ашигтай орчин байснаар л манайх руу орж ирнэ шүү дээ. Капиталын урсгал байхгүй учраас хөрөнгө оруулах сонирхол алга. Тиймээс хөрөнгө оруулах ядаж нэг суваг нь Хөрөнгө оруулалтын банк байгаасай гэдэг үүднээс уг хуулийн төслийг санаачилж боловсруулсан.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn