Жавхлан.Б 2017.04.20 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы танхим

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар         УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар эерэг нөлөө үзүүлэхийг тодруулж байлаа. Мөн одоогоор манай улсад хэчнээн банк төлөөлөгчийн газраа нээгээд буй, тэдгээр банкууд салбараа нээх хүсэлт тавиад байгаа эсэхийг лавласан

УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн хариулснаар, гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцож буй аж. Түүнчлэн зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна.

Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор банкны салбараа байгуулах хүсэлт тавиагүй байгаа аж.

Түүнчлэн гишүүд Хөрөнгө оруулалтын банкны эрхлэх үйл ажиллагаа, тус банкны дүрмийн сан, Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээтэй холбоотой асуудлаар хууль санаачлагч болон Ажлын хэсгийн гишүүдээс асуулт тодруулсан.

Хуулийн төсөлд хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сан 500 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар заасан бөгөөд Хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс доошгүй байхаар тусгажээ.

Дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.