Чинзориг.С 2017.04.20

С.Чинзориг: Прокуроруудын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулж байгаа юм биш үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.20/ Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг ажлын хэсгээс зарим зүйлсийг тодруулж асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Нэгт, хэрэг үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажиллагаа их явагддаг. Энэ хүрээнд прокурорын байгууллагын хяналт байдаггүй юм байна. Тэгэхээр шүүхээс өмнөх үйл ажиллагаанд прокурорын байгууллагаас хяналт явуулах боломж энэ хуулиар бүрдэх үү?

Хоёрт, хэвлэл мэдээллүүдээс сонсож байхад эрүүгийн хэргийн нилээд хувийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох тохиолдол их байна. Тийм тохиолдлын статистик судалгаа байна уу?

Гуравт, хорих байгууллагуудад прокуророос хяналт тавьдаг. Онц ноцтой хэргээр гянданд ял эдэлж байгаа хүн утастай байсан гэх мэдээлэл нийгэмд их байна. Хорих байгууллагуудаас тавих хяналт хэр явагддаг юм бэ? Энэ хууль гарснаар хорих байгууллагуудад тавих хяналт нилээд сайжрах боломж бүрдэх үү?

Прокурор гэдэг бол үндсэн хуулиараа шүүх эрх мэдлийн байгууллага. Шүүгчээс дутахгүйгээр хамгаалалттай байх ёстой гэж ойлгодог. Энэ хууль батлагдсанаар прокуроруудын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулж байгаа хэрэг биш биз дээ?

Хуульзүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

Эрүү үүсгэхээс өмнө гүйцэтгэх ажилд тавих хяналт шинэ хуулинд “Эрэн сурвалжлах нууц ажиллагаа” гэсэн нэрээр явж байгаа. Зарчим нь эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гэмт хэргийн хувьд гүйцэтгэх ажил хийхгүй байх ёстой. Бодит амьдрал дээр нөхцөл байдал өөр байдаг. Тиймээс энэ хяналтыг яаж тавихёстой вэ гэдэг тал дээр ажлын хэсгийн анхны хэлэлцүүлгийн бэлтгэл дээр өргөн хэлэлцүүлэг явж байгаа.

Эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдсан нийт хэргийн 20 орчим хувь нь шүүхэд шийдэгдээд, 50 орчим нь түдгэлзэж, 20 орчим хувийг хэрэгсэхгүй болгож байгаа гэсэн статистик байна.

Энэ ажиллагаанд шат шатны прокурорууд хяналт тавиад явж байна. Эрүүгийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох уу, шүүх дээр заавал очиж хэрэгсэхгүй болгох уу гэдэг асуудал хэлэлцүүлгийг шатны нэг сэдэв болж байгаа.

Прокуроруудын нийгмийн хамгааллын асуудал дээр нөхцөл байдлыг тооцоод одоо байгаа нийгмийн байдлыг хэвээр оруулж ирж байгаа.