2017.04.20

Ө.Энхтүвшин: Прокурорын байгууллага ард түмэндээ үйлчлэх хэрэгтэй

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Энхтүвшин прокурорын байгууллага төрийн эрх ашгийг хамгаалахаас гадна ард иргэдийн эрхийг хамгаалж чадаж байгаа эсэхийг асуулаа:

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Бүгдээрээ шахуу л шинэчилсэн найруулгын төсөл оруулж ирж байна. Яг юу шинээр орж ирж байна гэхээр харахаар олигтой шинэчилсэн юм байхгүй санагдаж байна.

Прокурор гэдэг байгууллага мэдээж хэрэг төрийн эрх ашгийг хамгаална. Хүний эрхийг хамгаалах талаасаа прокурорын үүрэг ямар байдаг вэ?

Баянгол дүүргийн шүүх дээр 2 удаа шүүх хурал болоод настай эмэгтэйг 5,1 жилийн ял өглөө. Өмнө нь 3,6 жилийн ял өгч байсан боловч давж заалдах шатан дээр буцсан. Тэр нь дахиад анхан шатны шүүхээр буцааж оруулаад, өмнө нь яллаж байсан шүүгчдээр дахиж яллуулахдаа ялын хугацааг нь уртасгасан байсан. Хэрэг нь хонины мах сая төгрөгөөр авсан гэж 5,1 жилийн ял өгж байгаа юм. Энэ бол бидний гаргасан хуулийн цоорхой.

Авилга өгсөн хүнийг шийтгэхгүй, авсан хүнийг нь шийтгэнэ гэж орсоноос хүнийг гүтгэж эхэлж байна. Авилга өгсөн ч, авсан ч, зуучилсан ч шийтгүүлэхээр зохицуулах хэрэгтэй.

Хуульзүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

Прокурорын байгууллагын үйл ажиллагааны зарчмаас эхлээд шинэчлэлт орж ирсэн.

Прокурор хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх чөлөө, нийтийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж 5 дугаар зүйлд орсон.

Мөн хараат бус бие даасан байх гэдэг дээр прокурорын шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс нөлөөлж дарамт үзүүлэхийг хориглоно.

Мөн 8 дугаар зүйл дээр ил тод, нээлттэй байх гэж шинээр оруулж ирсэн. Хуулиар нууцалсанаас бусад тохиолдолд прокурорын шийдвэр ил тод байна гэсэн үг юм. Прокурорын үйл ажиллагаа нээлттэй байна.

Мөн хоёрдугаар бүлэгт прокурорын хяналтын үйл ажиллагааны бүрэн эрх, ямар үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт тавиад ямар шийдвэр гаргах гэдэг асуудлыг одоогийн хуулиас илүү нарийвчлан зохицуулсан байгаа.

Мөн прокурор нийтийн болон төрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүх хуралдаанд оролцох, төрийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах заалтуудыг илүү нарийвчилна.

Гадаад орнуудтай эрхзүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх явцад прокурорын хүлээх үүргийг тусгасан. Гадаад оронтой байгуулсан гэрээнд Монгол Улсыг төлөөлж харилцах субъект бол прокурор гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор бүтэн бүлэг орж ирж зохицуулагдаж байгаа.

Ингээд үзэхээр хуулийн 80 орчим хувьд хуулийн өөрчлөлт оруулж байгаа. 50-с дээш хувийн өөрчлөлт оруулахаар бол хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хийнэ гэсэн заалттай.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Би хүний эрхийн талаар хамгийн гол нь асууж байна. Сая их тодорхой жишээн дээр ярьлаа. Шүүсэн шүүгчид нь буцаадаг юм байна. Анхны шүүсэн 3 хүн 3-уулаа ахиад шүүгээд ахиад 5,1 жил болгож байна. Нэг хонины мах авсаны төлөө. Энэ бол буруу. Яагаад буцаагаад нөгөө 3 шүүгчид өгдөг юм бэ? Ийм юмыг засахгүй бол хүний эрх зөрчигдөөд байна.

Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших:

Прокурорын байгууллагыг хүмүүс зөвхөн ялладаг байгууллага  гэж ойлгоод байна. үндсэн хуулинд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурор хяналт тавихдаа цагаатгах болон яллах нотлох баримтыг цуглуулах талаар мөрдөн байцаагчид үүрэг чиглэл өгдөг. Энэ явцад хүний эрх зөрчигдсөн бол тэр ажиллагааг зогсоох, хүний эрхийг зөрчсөн мөрдөн байцаагчид хариуцлага тооцох ажил хийдэг. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт цугларсан баримтын яллах тал нь их байвал гэм буруутай эсэхийг шийдүүлэхээр шүүхэд өгч, тэр явцдаа улсын яллагчийн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад яллах болон цагаатгах нотлох баримтыг аль алийг нь цуглуулж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Сайн эсвэл муу хууль гарсан эсэхийг цаг хугацаа л харуулдаг. Олон хууль баталсанаар, олон өөрчлөлт оруулсанаар бидний амжилт хэмжигдэхгүй.

Гол нь шударга ёсыг тогтоохох ард иргэдэд бүрэн дүүрэн үйлчилж байгаа юу гэдгээр л бидний амжилт хэмжигдэнэ.

Миний саяны хэлсэн асуудал нэг л хүний асуудал. Цаана нь мянга мянган хүн хохирч байгаа. Хөөцөлдөх хүнгүй, хамаатан садан муутай хүмүүс яалт ч үгүй хохироод явж байна. Тиймээс прокурорын байгууллага хүний эрхийг хамгаалах тал дээр анхаарах байх ёстой. Төлөгний махны авсныг шалгахгүйгээр, бусад гэрчийг ч асуулгүй 5,1 жил өгч байна. Гэтэл тэрбумаар нь идээд явж байгаа хүмүүс зүв зүгээр л явж байна.