Энх-Амгалан.Л 2017.04.21 | Сонин: Монголын үнэн

Л.Энх-Амгалан: 170 тэрбум төгрөг зарчихаад чөлөөт бүс амь орохгүй байна

Л.Энх-Амгалан: 170 тэрбум төгрөг зарчихаад чөлөөт бүс амь орохгүй байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан- нуурын чөлөөт бүсийн үйл ажиллагааны талаар Шадар сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Манай улсад дээрх гурваас Алтанбулагийн чөлөөт бүс нь ажиллаж байгаа юм. Уг чөлөөт бүсэд өнгөрсөн хугацаанд нийт 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд харуул хамгаалалт, төр захиргааны байгууламж, дэд бүтцийг барьж ашиглалтад оруулжээ. Тус бүсэд 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 14 нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эдгээр аж ахуйн нэгж нийтдээ 24.6 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт оруулдаг байна. Харин Хятадтай хамтарч “Замын-Үүд-Эрээний хамтарсан чөлөөт бүс байгуулахаар судалгааны ажил хийж эхэлжээ.

Замын-Үүд чөлөөт бүсийн хувьд стратегийн хөрөнгө оруу- лалтын хүрээнд хөгжүүлэх зарчим баримталж, Засгийн газраас шалгаруулсан ч олигтой үр дүнд хүрээгүй аж. Тиймээс 6.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж байр, хамгаалалтын хашаа, холбогдох судалгааны ажлыг хийхэд зарцуулжээ.

13 аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгосон байна. Цагааннуур чөлөөт бүсийн хувийн хувьд одоогоор таван аж ахуйн нэгж газар эзэмшиж байгаа ч хөрөнгө оруулалт татаж чадахгүй байгаа аж.

Цаашдаа Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний нэмэгдүүлэх зэргээр хэд хэдэн ажил хийхээр төлөвлөсөн юм байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс чөлөөт бүсийн үйл ажиллагаа учир дутагдалтай байгаа талаар шүүмжилж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Замын-Үүдийн чөлөөт бүс өнгөрсөн 20 жилд огт хөгжсөнгүй. Гэтэл Эрээн хөгжөөд байдаг. Очих бүрт судалгаа хийж, хайс барьж байна гэдэг байсан” гэв. УИХ-ын гишүүн Л.Энх- Амгалан “Чөлөөт бүсэд хашааны хэрүүл хийгээд дуусч байна. Уг нь эдийн засгийн чөлөөт бүсүүдэд импортыг орлох үйлдвэр хэдийг байгуулсан, ажлын байр хэчнээн нэмэгдсэн талаар яримаар байна.

Бид 13 жил чөлөөт бүс хөгжүүлэх гээд чадсангүй. Эдийн засагт өгөөж алга. Бид бодит байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх цаг болжээ.

Өнөөдөр Алибаба дэлхий даяар чөлөөт бүс гэхгүйгээр үйлдвэрээс хэрэглэгч рүү нь хүргэж байна. Бидний аж үйлдвэрийн парк нь ч босдоггүй, чөлөөт бүс нь ч амь ордоггүй. 170 тэрбум төгрөг зарчихаад чөлөөт бүс амь орохгүй байна” гэж хатуухан шүүмжлэв.

Ажлын хэсгээс Замын-Үүдийн чөлөөт бүсэд хашааг нэг тэрбум төгрөгөөр хийсэн. Гэтэл тэр хашаа өнөөдөр говийн элсэнд дарагдаад дуусч байна. Одоо гадаадын хөрөнгө оруулалттайгаар хөгжүүлэхээр ярьсан.

Нийтдээ 6,6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг улсын төсвөөр хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалттайгаар 58.8 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Үүний 50 сая ам.доллар нь Хятадын хөрөнгө оруулалттай төсөл.

Замын- Үүдэд дулааны станц, дулаан, цэвэр ус, зам харилцаа гэсэн үндсэн дөрвөн төсөл хэрэгжүүлсэн хэмээв.