Болд.Л Баасанхүү.О 2017.04.21 | Сайт: Vip76.mn

Л.Болд орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулахыг, О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийн захирлын зөрчлийг хэлэлцэхийг хүслээ

Л.Болд орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулахыг, О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийн захирлын зөрчлийг хэлэлцэхийг хүслээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.04.21/ эхэллээ. 

Хуралдааны эхэнд уламжлал ёсоор УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 3 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн бол үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр завсарлана. 

Өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайд "Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээлэл хийнэ. Хэлэлцэх асуудлын дараалалтай танилцсан гишүүдээс УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар үг хэлсэн. 

УИХ-ын гишүүн Л.Болд гурван асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөхийг хүслээ. Тодруулбал,

Ардчилсан намын гишүүд 2016 оны 10 дугаар сарын 19-нд болсон Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймгийн зарим сумдын Засаг дарга нарыг батламжлаагүй шалтгааныг тодруулж өгөхийг Засгийн газраас хүсч, асуулга тавьсан байна.

Уг асуулгын хариу бичгээр ирснийг УИХ-ын гишүүн Л.Болд хэлээд асуулгын хариуг өнөөдөр үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг хүслээ.

Л.Болд: "Ардчиллын үндсийн үндэс бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх юм. Нэг санал дутлаа ч гэсэн ялагдсан л бол ялагдсан."

Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлах асуудлаар шүүхэд хандсан ч шүүхийн шийдвэр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа гаргахаар байна. Тийм учраас өнөөдөр 12 цагаас Ардчилсан намын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар уулзалт хийж, хэвлэлийнхэнд өгөхөөр болжээ. 

Мөн 2017 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. 

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш олон эргэлзээтэй асуудал байгаа учраас чуулганы хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, ард түмний эргэлзээг тайлах нь зүйтэй гэж тэрээр үзэж байна.

Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс олон асуудлаар агуулга тавьдаг боловч тэр болгонд бичгээр хариу өгсөн болоод өнгөрч байгаад шүүмжлэлтэй хандаж, зам тээвэр, эрүүл мэнд гээд олон асуудлаар асуулга тавихаар ар араасаа хүлээгдэж байгааг хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын асуулгад анхаарлаа хандуулж, Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн асуудлыг нэг талд нь гаргаж, ард түмний сонголтыг баталгаажуулах тухай байнгын хорооны дарга нарт чиглэл өгөхийг хүслээ. 

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яагаад хэлэлцэх асуудлыг дарааллаас яагаад хасав?

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 180 сая төгрөгөөр орон сууцаа засч, тохижуулсан гэх мэт төрийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагын гаргаж буй зөрчлийг хэлэлцэх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, хамтад нь хэлэлцэх санал гаргалаа. 

УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нарын саналыг сонссон УИХ-ын дарга М.Энхболд орон нутгийн сонгуулийн үр дүн баталгаажуулах тухай асуулгын хариуг ирэх долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бололцоотой гээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ардчилсан нам завсарлага авсныг хэлээд хэлэлцэх асуудалдаа орсон юм.  

Яг одоо Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn